УИХ-ын дарга “Талст трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Буянт-Ухаа 2” орон сууцны хороололд ажиллав
2016 оны 1 сарын 23
“Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд Улсын Их Хурлын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.
"Талст трейд" компани 1992 онд байгуулагдсан бөгөөд 2000 оноос хойш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж иржээ. Бетон эдлэл, модон хаалга, тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг бол Хөгжлийн банкнаас 0.6 тэрбум төгрөгийн зээл авч, Солонгос, Итали, Оросын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон металл хийцийн үйлдвэрлэлээ 2015 онд эхлүүлжээ. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар 16 хүнийг ажлын байраар хангаж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ барилга угсралтын олон компанид нийлүүлж, хамтран ажилладаг бөгөөд арилжааны банкууд ипотекийн зээл олголтоо зогсоосноос үүдэн санхүүгийн байдал хүндхэн байгаагаа хэлж байв.
Ипотекийн зээлийн эргэлтийг гацаагаад байсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 01 дүгээр сарын 19-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Ингэснээр ипотекийн зээл сэргэж, иргэд орон сууцаа худалдан авч эхлэхээр барилга угсралтын компаниудын санхүүгийн нөхцөл байдал сэргэж эхэлнэ. Үүнийг дагаад барилга угсралтын компаниудтай хамтран ажилладаг бусад компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдсэнд баяртай байгаагаа “Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд хэллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Талст трейд” ХХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтын талаар болон ижил төрлийн импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжийн талаар тодруулав. Материалын чанар, хийцээс шалтгаалан зарим бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь илүү байдаг бол зарим нэр төрлийн бүтээгдэхүүн харьцангуй хямд байдгийг тус компанийн захирал Г.Болд танилцууллаа. Төрийн байгууллагууд болон үндэсний компаниуд импортын бүтээгдэхүүн худалдаж авахгүй байвал дотоодын үйлдвэрлэл сэргэж, цаашлаад хөгжих хэрээр олон монгол хүн ажлын байртай, орлоготой байх боломж бий гэдгийг хэлж байв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Хувийн байгууллагуудын худалдан авалтыг төрөөс зохицуулах боломжгүй. Харин Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах үүргийг хуулиар хүлээсэн. Энэ зохицуулалт нь үндэсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих зорилготой” хэмээн тайлбарлав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан ажилласан албаны хүмүүсийн хамтаар “Талст трейд” ХХК-ийн металл хийцийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн энэ өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Буянт-Ухаа 2” хороололд ажилласан юм. Тэрээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дарь-Эхэд 14 жил амьдарч байгаад “Буянт-Ухаа 2” хороололд шинэ байранд ороод байгаа О.Гэрэлсайханы гэрт зочиллоо. Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн зээл зогсоох шийдвэр 12 дугаар сард гаргахад “Буянт-Ухаа 2” хороололд орохоор ипотекийн зээлийн шийдвэрээ хүлээж байсан 200 өрх байрандаа орох боломжгүй болсон юм. Улсын Их Хурал 01 дүгээр сарын 19-ний өдөр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өнөөдрийн байдлаар 100 гаруй өрхийнх зээл шийдэгдэж, орон сууцандаа ороод байгаа юм. 4 ам бүлтэй О.Гэрэлсайханых тэдгээр өрхүүдийн нэг бөгөөд төр засгаас иргэдээ дэмжин, асуудлыг шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн орон сууц шинээр ашиглалтад орж, айл өрхүүд орон сууцтай болохын хэрээр агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай амьдрах боломж нэмэгдэх ач холбогдолтой талаар хэлж байв.
Иргэн О.Гэрэлсайханы өрхийн сарын орлого 1 сая төгрөг бөгөөд 1м2 нь 1.350.000 төгрөгийн үнэтэй 49 м2 орон сууцанд ороод байгаа юм байна. Төрөөс иргэдээ орон сууцжуулахад анхаарч, хямд өртөгтэй хороолол бариагүй бол тус гэр бүл орон сууцанд орох боломжгүй байсан талаар хэлж байлаа. Олон жил ажил хөдөлмөр эрхэлсний үр дүнд төр засгаас явуулж буй бодлого, шийдвэрийн дэмжлэгтэйгээр шинэ орон сууцтай болсон хэмээн О.Гэрэлсайханы гэр бүлийнхэн хэлж байлаа. Улсын Их Хурлын дарга “Үндсэн хуулийн цэцийн буруу шийдвэрээс үүдэн банкууд ипотекийн зээл олгохоо зогсоосон. Харин Улсын Их Хурал тэр шийдвэрийг өөрчилж, ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бүрдүүлсэн. Цаашдаа бага хүүтэй зээлээр иргэдээ орон сууцтай болгох ипотекийн зээл олголтыг тасралтгүй үргэлжлүүлэхээр Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баасан гарагт Улсын Их Хурал баталлаа. Ингэснээр ирэх 40-50 жил, түүнээс ч урт хугацаанд тасралтгүй ажиллах сан байгуулагдаж байгаа юм. Өнөөдөр 18000 орон сууц бэлэн байна, одоо энэ салбарын үйл ажиллагаа идэвхжиж, санхүүгийн эргэлт явагдаж эхэлж байгаа” гэлээ.
Ипотекийн зээл нь олон сайн үр дүн үзүүлж байгаа талаар энэ үеэр иргэд ярьж байлаа. Тухайлбал аж ахуйн нэгж, компаниуд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлдөг болсон. Түүнчлэн шинэ орон сууц ашиглалтад орохоор тавилгын худалдан авалт нэмэгдэж, тохижилт үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс ч орлоготой болж байна хэмээн ярьж байлаа.
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын даргын ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28158
0 эможи