Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ
УИХ-ын дэд дарга,
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулж байна.
2015 онд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хөгжлийн суурь болсон дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарын шинэчлэл, хөгжилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа.
Найдвартай, чанартай бөгөөд боломжийн үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг хангах зорилгоор Засгийн газраас дараах 6 чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
Нэг. Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор 3 хууль, түүний дотор Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг боловсруулсныг УИХ-аас 2015 онд баталсан. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн тогтолцоог бий болгохын тулд эхний ээлжинд эрчим хүчний хэрэглээний стандартыг сайжруулах, салбар бүрт тохирсон эрчим хүчний стандартыг боловсруулах, нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.
2015 онд УИХ “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Бодлогыг урт болон дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдээр дамжин хэрэгжүүлж байгаа бөгөөд дунд хугацааны “Эрчим хүчний үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн 2015 оныг үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах жил болгон ажилласны үр дүнд Төвийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем алдагдалгүй ажиллаж, хуримтлагдсан өр, авлагыг буурууллаа. 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр эрчим хүчний салбар 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл, өрхийн цахилгаан халаагуур хэрэглээг дэмжих зорилгоор төвийн бүсийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Одоогийн байдлаар шөнийн цагийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлтөд 120,000 орчим айл өрх хамрагдаж, 2015 оны 12 дугаар сард шөнийн цагт хэрэглэсэн 17.8 сая кВт.ц /Арван долоон сая найман зуун мянган киловатт цаг/ цахилгаан эрчим хүчинд 1.4 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Хоёр. Эрчим хүчний салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын талаар
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох “Багануурын 700/Мегаватт/--ын цахилгаан станц”, “Дулааны цахилгаан станц-5”, “Баруун бүсийн 60 /Мегаватт/--ын дулааны цахилгаан станц”, “Дорнод бүсийн 100 /Мегаватт/-ын дулааны цахилгаан станц”, “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”, “Тавантолгойн 450 /Мегаватт/-ын дулааны цахилгаан станц”- төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.
Түүнчлэн Засгийн газар “Эгийн голын усан цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 /Мегаватт/-аар нэмэгдүүлэх”, “Улаанбаатар-Мандалговийн 330 киловольтын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих” төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр, дулааны шугам барих төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.
Эрчим хүчний салбарын санхүүгийн байдал, төлбөрийн чадвар, ашиг, алдагдлын шалтгаан, нөхцөл, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, борлуулах байгууллагуудын өртөг, үнэ тарифын бүтцийг судалж өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажилласнаар салбарын хэмжээнд үйл ажиллагааны нийт зардлыг 8.5 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна.
ОХУ болон БНХАУ-аас өндөр үнэтэй худалдан авдаг эрчим хүчний импортын хэмжээг бууруулж, дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжиж ажилласны үр дүнд эрчим хүчний импортыг 120.0 гаруй сая киловатт цагаар буюу 18.0 тэрбум төгрөгөөр бууруулсан.
Амгалан дулааны станц 2015 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Уг дулааны станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн хэсгийн 20 мянган хэрэглэгчийн дулаан хангамж сайжирч, шинээр 40 мянган хэрэглэгчдийг дулаанаар хангах боломтой боллоо.
Эрчим хүчний салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтээр 2015 онд нийт 66 төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлыг хийж, улсын комиссоор хүлээн авсан.
Гурав. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагаа
2015 онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем нийт 7,288.488 /Долоон тэрбум хоёр зуун наян найман сая дөрвөн зуун наян найман мянган киловатт цаг/ цахилгаан эрчим хүч боловсруулахаар төлөвлөснөөс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7045.167 /Долоон тэрбум дөчин таван сая нэг зуун жаран долоон мянган киловатт цаг/-ийг боловсруулах тооцоотой байна.
Эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд нийт 1,436.7 /нэг тэрбум дөрвөн зуун гучин зургаан сая долоон зуун мянган киловатт цаг/ цахилгаан эрчим хүч импортоор худалдан авсны 78 хувийг БНХАУ-аас, 22 хувийг ОХУ-аас тус тус импортлосон байна.
2015 оны Төвийн эрчим хүчний системд дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн гүйцэтгэл 101.4 хувь байна.
Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1,722 нэр төрлийн ажлыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангаж чадлаа.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах зорилтыг баталснаар 2015 оны 3 дугаар улирлын байдлаар үйлдвэрлэлтийн дотоод хэрэгцээ 0.6 нэгжээр, дамжуулалтын алдагдал 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдал 0.5 нэгжээр тус тус буурсан эерэг үр дүн гарсан.
Дөрөв. Эрчим хүчний салбарын үнэ тарифын зохицуулалтын талаар
Эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг бууруулах, эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт хүргэх, үнэ тарифыг чөлөөлөх эхлэлийг тавих, зах зээлийн жишигт нийцүүлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Эрчим хүчний үнэ тарифт зохих зохицуулалтуудыг хийснээр сүүлийн 10 жилд анх удаа Эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажиллалаа.
2015 онд үнэ тарифын уян хатан, олон төрөлт тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээг дурьдвал:
o Эрчим хүчний системийн оргил ачааллыг бууруулах, хэрэглэгчдийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад цахилгааны чадлын тарифыг нэвтрүүлж, системийн оргил ачааллын хугацаанд буюу 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэсэн хэрэглэгчийн бодит чадлыг 9000 /төгрөг. Киловатт. сар/ төг/кВт/сар-аар тооцохоор тогтоож байна. Чадлын тарифыг тооцож эхэлснээр эрчим хүчний салбарын борлуулалтын орлого 20.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
o Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хэрэглэгчийн эрчим хүчний үнэд шингээсэн зохицуулалтыг хэрэгжүүлсэн буюу хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифыг шинээр тогтоож мөрдүүллээ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүгээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд дутагдаж байсан 16.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр (жилийн дүнгээр)-ийг шийдвэрлэсэн ба Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудын санхүүгийн алдагдлыг 1.3 тэрбум төгрөгөөр бууруулах нөхцөлийг бүрдүүлж чадлаа
Үнэ, тарифын зохицуулалтуудын үр дүнд 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба мөн дүнгээр нүүрсний уурхайн өр төлбөрийг барагдуулсан.
Тав. Эрчим хүчний салбарын хувьчлалын талаар
2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтын дагуу Засгийн газар дулааны хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан станц болон Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нийт хувьцаанд төрийн эзэмшил70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Зургаа. Эрчим хүчний салбарын гадаад хамтын ажиллагааны талаар
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр “Шивээ-Овоо”-ийн 4800 МВт /Мегаватт/-ын цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хүчин чадлыг нь нэмэгдүүлэн 9240 /Мегаватт/ болгох техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэх санамж бичиг болон БНХАУ-аас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү хөнгөлттэй зээлийн хөрөнгийн 85 хувийг эрчим хүчний салбартЭгийн голын 315 /Мегаватт/-ын усан цахилгаан станцын төсөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам төсөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 /Мегаватт/-ын өргөтгөл, шинэчлэлийн төслүүдэд зарцуулахаар Засгийн газар шийдвэрлээд байна.
Дэлхийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдаж, олон улсын байгууллагаас манай улсад хэрэгжүүлэх төсөлд 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болсон.
Эрхэм гишүүд ээ,
2015 онд эрчим хүчний салбарын хувьд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгосон, үнэ тарифын бодлогод шинэчлэл хийсэн, зах зээлийн зарчмаар ажиллах, эрчим хүч импортлогч орноос экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан жил боллоо.
2016 онд “Хүртээмжтэй эрчим хүч” гэсэн зорилгыг тавьж, бүтээн байгуулалтын МЕГА төслүүдийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Эрчим хүчний салбар системийн бие даасан байдлыг хангах, томоохон хүчин чадлын эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлэх, эрчим хүчний импортын хараат байдлаас гарах, эрчим хүчний нэгдсэн системийг бий болгох ажлыг эхлүүлэх том зорилтыг тавин шинэ оны ажлаа эхлээд байна.
Эрчим хүчний салбарын өндөр насжилттай тоноглолуудыг орчин үеийн дэвшилтэт шинэ техник, технологиор солих ажлыг үе шаттайгаар хийж, хүний хүчин зүйлсээс хамаарах хамаарлыг бууруулах чиглэлийг барин ажиллах болно.
Сүүлийн 3 жил хийсэн эрчим хүчний үнэ, тарифын бодлогын өөрчлөлт, зах зээлийн зарчмаар ажиллахаар тавьсан эхлэлийг үргэлжлүүлэн цаашид эрчим хүчний үнийг өөрийн өртөгт хүргэх, өрсөлдөөнийг бий болгохоор төлөвлөж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.