Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форум эхэллээ
Санхүүгийн зохицуулах хороо Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форум”-ыг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэхүү форумоор доорх асуудлуудыг хэлэлцэх юм байна.
- Санхүүгийн зах зээлийн хөгжлийн урт хугацааны стратеги,
- Хөрөнгө оруулалтын шинэ орчин,
- Санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба ядуурлыг бууруулах арга зам,
- Банк, даатгалын салбар, хөрөнгийн зах зээл дэх бизнесийн шинэ модель, компанийн засаглал,
- Аудит, тайлагнал,
- Хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эрх зүйн орчинд учирч буй тулгамдсан асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход уг чуулга уулзалт өндөр ач холбогдол өгнө хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
СЗХ-ноос Дэлхийн банкны тусламжтайгаар санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулсан юм.
Энэхүү хөтөлбөр санхүүгийн зах зээлийг урт хугацаанд, цогц байдлаар хөгжүүлэх чиглэлээр анх удаа гарч байгаагаараа чухал ач холбогдолтой аж.
Чуулга уулзалтын хэлэлцэх асуудлын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэлэлцэхээс гадна санхүүгийн бүхий л салбарыг хамруулж, тэдгээрийн хоорондох харилцан уялдаа, шударга өрсөлдөөнийг дэмжих, олон нийтийн зах зээлд итгэх итгэлийг бэхжүүлэх, нийт салбарын үр ашгийг нэмэгдүүлэх нь энэ чуулганы зорилго юм байна.
Уг чуулганд банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын зохицуулагчид, бодлого боловсруулагчид, зах зээлд оролцогчид, судлаачдаас гадна гадаадын болон олон улсын байгууллагын төлөөлөл болох 600 гаруй оролцогчдыг хамруулахаар төлөвлөжээ.