“Хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөгийн хэмжээ буурна”
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох асуудал буюу УИХ-ын 103 дугаар тогтоолыг өөрчлөхийг дэмжсэн. Энэ үеэр хүүхдийн мөнгийг 2016 он дуустал бүрэн олгох боломжгүй гэдгийг гишүүд хэлж байсан. Цаашид ер нь ямар гаргалгаа байна вэ?
-Засгийн газраас хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр нийтэд нь өгье, гэхдээ ямар нэгэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр гэсэн санал тавьсан. Өөрөөр хэлбэл батлагдсан төсвийн хүрээнд энэхүү бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн байдлаар оруулж ирлээ. Сангийн сайд ч мөн ингэж танилцуулсан. Энэ долоо хоногийн УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцье гэж шийдсэн.
-Батлагдсан төсвийн хэмжээнд Хүүхдийн мөнгийг урьдын адил буюу хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг сар бүр олгох боломж бий юу?
-Батлагдсан төсвийн хэмжээнд энэ арга хэмжээг хэрэгжүүлж болно. Тэгсэн тохиолдолд мөнгө авах хүүхдийн тоо нэмэгдэх тул нэг хүүхдэд оногдох мөнгөний дүнд өөрчлөлт орж л таарах байх. Хэрвээ нэг хүүхдэд оногдох мөнгөний тоог өөрчлөхгүй гэвэл хүүхдийн тоо нэмэгдэж байгаа болохоор нэмэгдэл эх үүсгэврийн асуудал яригдана. Нэмэгдэл эх үүсгэвэр яригдвал 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болно. Тэгвэл зайлшгүй төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Сангийн сайдын зүгээс тодотголыг оруулж ирнэ гэж байгаа ч хэдийгээр оруулж ирэх нь тодорхойгүй байна. Ингээд хэлэлцэх явцад хуулиндаа нийцүүлж шийднэ. Мөн хэрэгжих хугацаа, мөнгөний эх үүсгэвэр батлагдсан хуультай хир нийцэх вэ гэдэг асуудалд анхаарах юм.
-Төсвийн тодотголыг хэлэлцэх хугацаа гэж байх уу. Намрын чуулганы хугацаанд багтаан хийх ёстой юу?
-Төсвийн тодотголыг хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Төсвийн тодотгол хийдэг шалгуур үзүүлэлтүүдийг хуулиар тогтоосон байгаа. Тэрхүү шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байвал хэзээ ч төсвийн тодотгол хийж болно. Бий болсон нөхцөл байдал хуулиар зөвшөөрөгдсөн болзол хангасан бол хэзээ ч төсвийг тодотгож болно.
-2016 оны төсвийг батлахдаа халамжийг танаж хасна гэж байсан. Гэтэл одоо тодотгол халамжийн хүрээнд ялангуяа Хүүхдийн 20 мянган төгрөг, оюутны 70 мянган төгрөг гэх мэтчилэн мөнгө яригдаж байна. Зөвхөн халамжид зориулан төсөвт тодотгол хийх нь зөв үү. 2016 оны төсвийг 900 гаруй тэрбумын алдагдалтай баталчихаад байгаа шүү дээ.
-Ер нь энэ асуудлууд яригдаад байгаа нь эдийн засаг санхүүгийн байдалтай уялдаж гарсан асуудлууд шүү дээ. Бид хямрал гэж ярьдаг ч хямралаа хэр мэдэрч байна хямралдаа хэр зохицон ажиллаж байна вэ гэдэг л асуудал. Хоёрхон сарын өмнө төсөв батлахдаа орлого яагаад ч хүрэхгүй тиймээс хэмнэлтийн горимд шилжье гэж байсан. Гэтэл орлого огт яригдаагүй, эх үүсвэр байхгүй байхад арга механизмаа өөрчлөөд ч гэсэн санал оруулж ирж байгаа юм болов уу л гэж бодож байна.
-Хүний хөгжил сангийн мөнгийг ямар эх үүсгэврээс бүрдүүлэх бэ. Одоо байгаа нөөц бололцоо ямар байгаа вэ?
-Хүний хөгжил санд орох орлогын төрөл хувь хэмжээг хуулиар заагаад өгсөн байдаг. Ерөнхийдөө эдийн засаг санхүүгийн байдал сайжраагүй байхад Хүний хөгжил санд нэмэлтээр орлого орох боломжгүй. Тиймээс орлого нэмэгдүүлье гэдэг саналыг биш олгож байгаа мөнгөний хүрээнд хүүхдийн тоог нэмье гэдэг саналыг Засгийн газраас тавьсан.
-Эцэст нь хэрэв төсвийн тодотголыг хийхгүй бол хүүхэд бүрт сар бүр олгох 20 мянган төгрөгийн хэмжээ багасна гэж ойлголоо. Зөв үү?
-Хоёр л арга зам байна. Батлагдсан төсвийн хүрээнд асуудлыг шийднэ гэвэл гарцаагүй нэг хүүхдэд оногдох мөнгөний хэмжээ буурна. Хэрэв энэ мөнгийг бууруулахгүй гэвэл батлагдсан эх үүсгэврээ нэмэгдүүлж таарна. Гэтэл эх үүсгэвэр нэмэх, тодотгол хийх санал орж ирсэнгүй. Тэгэхээр байгаа батлагдсан төсвийн хүрээнд буюу хүүхэд бүрт олгодог мөнгөний хэмжээг бууруулах санал тавьж байна гэж ойлгож болох юм.