Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор И.Дашнямын бүтээлд олголоо

2016 оны 1 сарын 13

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болов.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уншиж сонордуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар батлагдсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” журам, Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Шагнал олгох тухай” 01 тоот захирамжийг үндэслэн Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашнямын “Монгол Улсын төр эрх зүйн түүх” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2016 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг Өргөмжлөлд дурджээ.

Ингээд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Б.Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашнямд гардуулж баяр хүргэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн онд Улсын Их Хурлын даргын захирамжаар ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг бий болгож анхны шагналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хүртсэн билээ. Энэхүү шагнал нь судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих зорилготой юм.

Бид өнөөдөр Б.Чимидийн нэрэмжит хоёр дахь шагналыг Монгол Улсын гавьяат хуульч Ишийн Дашнямын "Монгол Улсын төр, эрх зүйн түүх" хэмээх хоёр боть төр, эрх зүйн түүхийн цогц бүтээлд олгож байна.

И.Дашням гуай 1971 оноос өнөөдрийг хүртэл МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд 40 гаруй жил ажиллахдаа төр эх зүйн онол, философи, түүх, Үндсэн хууль судлал, үндэсний эрх зүйн судалгаа, шинжилгээний ажилд хүчээ сорьж, 3000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвин хэвлүүлж, 9000 гаруй хүний бакалавр, магистр, докторын ажлыг удирдаж, 20 гаруй гавьяат хуульч, 30 гаруй эрдэмтэн докторыг төрүүлсэн Монголын нэртэй эрдэмтэн судлаачдын нэг юм.

Түүний туурвисан энэхүү хоёр боть бүтээл нь төрийн удирдлагын хэлбэр, төрийн тэргүүнийг өргөмжлөх ёс жаяг, улс төрийн дэглэм, төр барих эрх мэдэл түүний хэмжээ хязгаар, баримтах зарчим, ёс зүй, төрийн дээд, төв байгууллагын тогтолцоо, бүтэц, эрх үүрэг, төрийн дотоод гадаад бодлого, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь гээд өргөн хүрээг хамарсан цогц бүтээл. Тийм учраас сонгон шалгаруулах комиссын үнэлгээг үндэслэн Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл энэхүү бүтээлд Б.Чимидийн нэрэмжит шагналыг олгож байгаа юм.

Та цаашид үнэ цэнэтэй томоохон бүтээл туурвихын зэрэгцээ парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх залуу хойч үеээ бэлтгэх үйлсдээ их амжилт гаргана гэдэгт итгэж байна” гээд доктор, профессор И.Дашням болон түүний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргалын дээдийг ерөөлөө.

Дараа нь Б.Чимидийн нэрэмжит Улсын Их Хурлын шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашням талархлын үг хэлсэн юм.

Тэрбээр хэлэхдээ, би өөрийн хайрлаж, хүндэтгэж явдаг багш Бяраагийн Чимидийн даалгавраар Монголын төр эрх зүйн түүхийн номыг бүтээн туурвих ажилд 30 гаруй жилийнхээ хүч хөдөлмөр, оюуныг дайчлан ажилласан. Энэхүү хичээл зүтгэлийнхээ үр шим, багшийнхаа заавар зөвлөгөөний ачаар Монгол Улсын төр эрх зүйн түүхийн хоёр ботийг бичээд багшдаа үзүүлэхэд ихэд тоож үнэлсэнд баяртай явдаг юм. Энэ маань Монголын ард түмний гурван мянган жилийн уламжлалтай төрт ёсны түүхийн цогц бүтээл. Багшийнхаа даалгаврыг биелүүлсний ач буянаар энэ түүхэн өдөр багшийнхаа нэрэмжит шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” гээд Улсын Их Хурлын дарга, шагналын комисст талархал илэрхийллээ.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцогчид дараа нь дурсгалын зураг авахуулав.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2014 оны 176 дугаар захирамжаар Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал бий болгосон билээ. Энэхүү шагналыг шилдэг бүтээл туурвисан нэг хүн, эсхүл судлаачдын нэг багт жил бүр олгодог бөгөөд уг шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд нэр дэвшүүлдэг.

Нэрт эрдэмтний нэрэмжит анхны шагналыг түүний гарын шавь нарын нэг Улсын Их Хурлын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээрээ өнгөрсөн онд хүртсэн юм. Харин энэ жилийн шагналыг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашням “Монгол Улсын төр эрх зүйн түүх” бүтээлээрээ ийнхүү хүртлээ.

Шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Одонтуяа, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27748
0 эможи
keyboard_arrow_up