Тэтгэврийн сангаас 2030 он хүртэл хөрөнгө гаргахгүй
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Сүүлийн 10 жилд хүн амын насжилт 21.6 хувиар өссөн, мөн Тэтгэврийн нэрийн дансны тухай хууль хэрэгжиж байгаа ч хий бичилт хийгдэж байгаа нь ирээдүйд тэтгэвэр тогтоолгох иргэдэд эрсдэл үүсэх нөхцөл байдал үүссэн аж. Тиймээс Засгийн газар Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх, хуримтлал бий болгох зорилгоор Тэтгэврийн нөөц сан бий болгохоор зорьж дээрх төслийг боловсруулжээ.
Ингэхдээ 1.8 их наяд төгрөгтэй дүйх Засгийн газрын үнэт цаасыг өрөндөө тооцон Ирээдүйн тэтгэврийн нөөц санг бүрдүүлэхээр зорьж байна. Тодруулж хэлбэл, Засгийн газар тэтгэврийн санд өгөх ёстой өрөө эхний ээлжинд 1.8 их наяд төгрөгөөр хааж буй аж.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас 2030 он хүртэл нэг ч төгрөгийг тэтгэврийн зориулалтаар гаргахгүй. Энэ нь тэтгэврийн санг шинэчлэхтэй холбоотойгоор барьж буй бодлогын нэг аж. Гэхдээ Тэтгэврийн нөөц санг ипотекийн зээлийн эх үүсвэр болгон ашиглах юм байна. Ингэж эдийн засгийн эргэлтэд оруулснаар сан арвижиж, мөнгөжинө, мөн иргэн бүр Нэрийн дансандаа бодитой мөнгөтэй болох нөхцөл бололцоо бүрдэнэ гэж төсөл санаачлагчид тооцжээ. Дэлхий дахинд Тэтгэврийн сан нь хамгийн урт хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлэхэд ашиглаж болох хамгийн том сан болж, ашиглагддаг аж.
Монголын хувьд ипотекийн 8 хувийн зээлийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 75 мянган айл өрх жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж байртай болсон. Зээлийн эргэн төлөлт сайн. Иймд ирээдүйн тэтгэврийн сан бүрдүүлэх хүрээнд ипотекийн зээлд эргүүлэн ашиглахад сан ч арвижина, мөн иргэдээ ч олноор нь орон сууцанд хамруулах бололцоотой болно гэж тооцжээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Я.Тлейхан нар “Тэтгэврийн санг мөнгөжүүлж, нэрийн дансанд төвлөрөх мөнгөн орлогыг бодитой болгох санааг дэмжиж байна. Гэхдээ одоогийн байдал байдлаа сайн ярьж, хаа, хаанаа ойлголцохгүй бол эрсдэл үүсгэх юм руу олон мянган даатгуулагчийн хөрөнгийг хийж, эрсдэл рүү оруулах вий гэдгийг давхар бодолцох ёстой. Нөгөө талдаа энэ нь ипотекийн урт хугацааны зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр болно.
Гэтэл Монгол Улсын сайд М.Энхсайхан маш хүнд гэдэг байр суурь илэрхийлээд байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд өчигдөр энэхүү хуулийн төслийг 12.00 цагийн орчимд тараасан. Бид танилцаж амжаагүй байна. Зөвхөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцээд шийдэх нь учир дутагдалтай. Эдийн засгийн байнгын хороо зэрэг мэргэжлийн байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Ийм нөхцөлд сайн тал нь юу болох, муу тал нь юу байх вэ гэдгийг бид бас тодорхой мэдээлэлтэй болмоор байна. Тооцоо судалгаа хийгдсэн юм уу. Тэтгэврийн сангаас үнэт цаас авчихаар дараа нь ямар үр дагавар гарах вэ энэ бүгдээр тодорхой мэдээлэл сонсох шаардлага байна гэдгийг онцолж байлаа.
Үүнд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: Мэргэжлийн байнгын хороодоор хэлэлцүүлэх боломжтой. Эхлээд хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд ярьж болно гэдгийг хэлж байлаа.