Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх санал, санаачилга бүрийг дэмжихээ илэрхийллээ

2016 оны 1 сарын 11

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Японы Сейтоки их сургуулийн профессор хатагтай Кейко О,Китагаваг хүлээж авч уулзлаа.

Профессор Кейко Монголтой сүүлийн долоон жилийн турш холбоотой ажиллаж, Улаанбаатарын агаар, ус, хөрсний бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран судалж буй юм байна. Тэдний судалгааны гол цэг нь гэр хороолол. Хөрс, усны бохирдол ихтэйгээс гадна Улаанбаатарын агаарын бохирдлын эх үүсвэр болж буй гэр хороололд амьдардаг хүмүүсийн амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл ихтэй нь судлаачдын санааг зовоож байгааг хатагтай Кейко ярьж байлаа. Тэрбээр гэр хороололд ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг хайж Хөдөлмөрийн сайдтай уулзах хүсэлт тавьсан бөгөөд цаг гарган уулзсанд талархал илэрхийлэхийн хамт олон улсын байгууллагын шугамаар санхүүжилт олж хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтрахыг Г.Баярсайхан сайдаас хүссэн юм.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан монголчуудын төлөө сайхан сэтгэл өвөрлөн зүтгэж буй Кейко О,Китагавад талархаад Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, иргэдээ ажилтай орлоготой байлгаж, амьжиргааны түвшин, амьдрах орчны таатай байдлыг дээшлүүлэхийн төлөө олон талын арга хэмжээ авч буйг танилцуулсан. Гэр хорооллыг барилгажуулах, нүүрсний оронд ахуйн хийг хэрэглээнд нэвтрүүлэх замаар түлшийг өөрчлөх ажлыг хийж байгаа. Хөдөлмөрийн яамны хувьд нийгмийн бүлгүүдэд хандсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой долоон хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд өмнөх жилүүдэд эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд олон хүн байнгын болон түр ажлын байртай болсон. Мөн хувиараа аж ахуй эрхэлдэг хүмүүст шинээр ажлын байр бий болгосон тохиолдолд санхүүгийн болон тоног төхөөрөмжийн туслалцаа дэмжлэг үзүүлдэг тухай ч сайд ярилаа.

Хэдийгээр төр засгаас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж буй ч сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаснаас үүдэлтэй эдийн засгийн бэрхшээлтэй байдал бий болсон нь ажилгүйлдийг багасгахад тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг дуулгаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, санаачилга бүрийг дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27643
0 эможи
keyboard_arrow_up