Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигч бүсгүйчүүд
Ардчилсан Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дөрөвдүгээр дээд чуулган энэ сарын 18-ны өдөр төрийн ордонд хуралдах гэж байна. Тус чуулганы үеэр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүний сонгууль болж, одоогийн тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл халаагаа өгнө. Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөхөөр Л.Нармандах, З.Нарантуяа, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар нэр дэвшжээ.
Нэр дэвшигч нарын товч танилцуулга:
АЭХ-ны дэд тэргүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогч, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Нармандах Ардчилсан намын анхны зүтгэлтнүүдийн нэг, багш мэргэжилтэй, улс төрийн ажлын олон жилийн туршлагатай, эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих, орон нутгийн удирдлагын чиглэлээр нийтийн боловсролыг дээшлүүлж, шинэчлэл хийж буй АН-ын туршлагатай боловсон хүчин.
АЭХ-ны дэд тэргүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа эдийн засагч мэргэжилтэй, эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих, аймаг орон нутгийн намын байгууллагыг удирдах олон жилийн ажлын туршлагатай. Улс орны эдийн засгийн бодлогын шинэчлэлд гар бие оролцож ирсэн АН-ын өндөр боловсролтой боловсон хүчний нэг.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн болон ҮЗХ-ны гишүүн, Баянгол дүүргийн АН-ын дэд дарга С.Одонтуяа олон улсын эдийн засагч мэргэжилтэй, улс төрд эмэгтэйчүүдийг оролцуулж дэмжих, орон нутгийн намын байгууллага удирдах, улс төрийн сонгуульд удирдаж оролцох арвин туршлагатай. Улс орны эрүүл мэнд, гэр бүл хүүхдийн бодлого, эдийн засгийн шинэчлэлд гар бие оролцож яваа АН-ын туршлагатай, өндөр боловсролтой боловсон хүчний нэг.
АЭХ-ны Хяналтын Хорооны гишүүн, Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны гишүүн Г.Хажидмаа нь хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, АН-ын улс төрийн ажлын олон жилийн туршлагатай, ардчилсан намын залуу боловсон хүчний нэг.
Барилга, хот байгуулалтын дэд сайд асан, АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Дорноговь аймгийн АЭХ-ны дарга, МоАХ-ны УЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Байгальмаа нь эрх зүйч мэргэжилтэй, улс төр, нийгмийн ажлын олон жилийн туршлагатай, барилга хот байгуулалтын салбарт 2012-2015 онд хийгдсэн шинэтгэлд гар бие оролцож ирсэн, АН-ын залуу боловсон хүчний нэг.
УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга, АН-ын ҮЗХ-ны гишүүн Л.Эрдэнэчимэг нь биологич мэргэжилтэй, хувийн хэвшлийн үүсгэн байгуулагчдын анхдагчдын нэг бөгөөд улс төрийн ажлын арвин туршлагатай, эмэгтэйчүүдийг нийгмийн бүх талбарт дэмжих болон хүүхэд, эрүүл мэндийн бодлогын шинэчлэлд идэвхитэй оролцож ирсэн, АН-ын өндөр боловсролтой боловсон хүчний нэг.
Боловсрол, Шинжлэх ухааны яамны дэд сайд асан, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Ургамалцэцэг нь сурган, сэтгэл судлалын багш мэргэжилтэй, улс төрийн ажлын олон жилийн туршлагатай, боловсрол, шинжлэх ухааны салбарт хийгдэж буй олон шинэчлэлд гар бие оролцсон, АН-ын боловсон хүчний шинэтгэлийн Сум-330 тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлсэн, АН-ын туршлагатай, боловсрол өндөртэй залуу боловсон хүчний нэг.
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан, АЭХ-ны гүйцэтгэх захирал, АН-ын ҮЗХ-ны гишүүн И.Нарантуяа нь эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй, улс төрийн ажлын арвин туршлагатай, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр бодлого, үйл ажиллагааны шинэчлэлд идэвхитэй оролцож ирсэн, АН-ын туршлагатай боловсон хүчний нэг.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Увс аймгийн АЭХ-ны тэргүүн, “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг нь эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, улс төрийн ажлын арвин туршлагатай, Улаанбаатар хотын шинэчлэл, нийтийн тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлд идэвхитэй гар бие оролцож ирсэн АН-ын залуу боловсон хүчний нэг.
Нийслэлийн АЭХ-ны тэргүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн ерөнхий захирал Д.Оюунцэцэг санхүүч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, улс төр, нийгмийн ажлын олон жилийн туршлагатай, эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих, орон нутгийн намын байгууллагыг зохион байгуулах туршлагатай, хүүхдийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааны шинэчлэлд гар бие оролцож яваа АН-ын идэвхитэй залуу боловсон хүчний нэг.
Дорнод аймгийн АН-ын дарга, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Д.Цэрэнчимэг нь ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүдийн нэг, эдийн засагч мэргэжилтэй, улс төр, нийгмийн ажлын олон жилийн туршлагатай, орон нутгийн намын байгууллагыг зохион байгуулах арвин туршлагатай, улс төрийн шинэчлэл, хүний эрхийн боловсролд анхаарч ажилладаг АН-ын туршлагатай боловсон хүчний нэг.