Шатар сонирхогчдын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн өнөөдөр /2016.01.09/ Төрийн ордонд нээлтээ хийлээ. 2016 оны Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэлсэн юм.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, “Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, биеийн булчингаар бус ухааны даацаар хүмүүжил олгодог онцгой спорт. Тийм ч учраас, Улсын Их Хурал шатрын спортын хөгжилд өндөр ач холбогдол өгч энэхүү тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн” хэмээн онцолсон. Тэрбээр, “Оюун ухааны “хаан спорт” шатрыг дэмжих чиглэлээр 2013 онд бид Улсын Их Хурлын гишүүдээр дамжуулан бүх ерөнхий боловсролын сургуулиудад шатрын клуб байгуулах санаачилгыг гарган ажил хэрэг болгож эхэлсэн. Мөн, сургууль бүрийг шатрын дугуйлан явуулах шаардлагатай тоног хэрэгслээр хангах зорилт тавьж амжилттай ажилласан. Энэ хөдөлгөөний хүрээнд УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачлагаар 2014 онд Завхан аймагт 9999 хүүхдийн шатрын фестиваль амжилттай зохион байгуулсаныг дурьдахад таатай байна.
УИХ-ын даргын санаачилгаар эхэлсэн “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн” улам бүр мэргэжлийн түвшинд ойртсоор байна. Цаашид сум, орон нутгийн сургуулиудад шатар заах боловсон хүчин бэлдэхэд туслах, сургалтын агуулга боловсруулж, түгээх чиглэлд анхаарах юм” гэж хэллээ.
Анх 2013 онд Үндсэн хуулийн өдрөөр “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг” зөвхөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байсан бол 2014 онд улсын хэмжээнд зохион байгуулж, оролцогчдын тоо 1200 болж өссөн юм. 2015 оноос сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван үе шаттайгаар явуулж, нийт 2400 орчим тамирчин оролцсон бол энэ жил уламхүрээгээ тэлж, 4800 шатарчин хамрагдсанаас нийт 120 шилдэг шатарчин шалгарч, оюуны хүчээ сорихоор хуран цуглараад байгааг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Тэмцээний хамрах хүрээ энэ жил эх орны хилийн дээс давж, БНСУ-ын Сөүл хотод ажиллаж, амьдарч буй монголчуудын дундаас шалгарсан шилдэг хоёр тоглогч өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа юм. Сүүлийн шатанд шалгарсан 120 тамирчдын 95 нь эрэгтэй, 35 нь эмэгтэй шатарчид байгаа бөгөөд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан найман шатарчин тэмцээнд оролцож байгаа аж. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, нийт есөн өрөг тоглон аваргууд тодорно.
Тэмцээний нээлтийн үеэр Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Т.Сумьяа, энэхүү тэмцээнийг энэ жилээс эхлэн Монголын шатрын холбоо цахим системээр дэлхийн 180 гаруй оронд цацаж буйг дурдаад, тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчин Монголын шатрын холбооны дэд мастер цолыг албан ёсоор хүртэх эрхтэй болж байгааг дуулгасан юм.
Түүнчлэн тэрбээр, “2016 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Амжилт нь улам ахисаар байгаа өсвөрийн шатарчдын хувьд энэ бол маш том тэмцээн төдийгүйхүүхдийн шатрын хөгжил дээд хэмжээнд гарах нэгэн боломж. Тиймээс энэхүү шатрын тэмцээнийг өөрийн ивээл дор явуулж өгнө үү хэмээн Монголын шатрын холбоо, өсвөрийн шатарчдын нэрийн өмнөөс Улсын Их Хурлын дарга З.Энхболд танаас хүсч байна” гэлээ.
Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нар 2016 оны Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний нүүдлийг хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.