А.Гансүх: Төмөр замтай холбоотой хов живийг шалгах нь зүйтэй
УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх өөрийнх нь талаар сүүлийн үед гарч буй мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар өглөө.
Тэрээр “Намайг Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд болон надтай хамт ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга Х.Батзаяатай холбоотой эрүүгийн хэргийн явцын талаар хэвлэл мэдээллээр зарим ташаа, андуурсан эсвэл таамагласан, хардсан мэдээлэл яваад байна. Төмөр замтай холбоотой ам дамжсан хов живийг шалгах зүйтэй гэж би үзэж байгаа. Тиймээс өмнө нь өөрийн хүсэлтээр энэ асуудлаар АТГ болон Цагдаагийн газарт шалгуулж байсан. Тэгэхээр энэ бол шалгагдсан хэрэг. Энэ хэргийг прокурор 2013 оны арваннэгдүгээр сард хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж байсан. Үүнд маш тодорхой бичсэн.
Тухайлбал, “Энержи Ресурс” компани болон Солонгосын “Самсунг” корпорацитай байгуулсан төмөр замын суурь бүтэц байгуулах гэрээнд заасан үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. А.Гансүх албан тушаалын байдлаа ашиглан их хэмжээний хөрөнгө завшсан үйлдэл тогтоогдоогүй байна. Иймд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гэж нийслэлийн прокурор, Хууль цаазын зөвлөх Уранчимэг гэдэг хүний гарын үсэгтэй тогтоол ч мөн гарч байсан юм. Энэ асуудлаар би АТГ-т хоёр удаа өөрийн биеэр очиж, тайлбар, нотлох баримтуудыг хүлээлгэн өгсөн. Одоо энэ шалгагдаж байгаа асуудалтай холбоотой Засгийн газрын удаа дараагийн шийдвэр, тогтоол, тэмдэглэл, ҮАБЗ-ийн зөвлөмжүүд гарсан байдаг.
Энэ төрийн эрх бүхий байгууллагын бүх тогтоол, шийдвэрийг хуулбарлан, хууль хяналтын байгууллагад хүргүүлж, хамтран ажиллаж байна. Миний хувьд ердийн журмаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар байнгын хорооны хурлуудад сууна. Ялангуяа найман хувийн хүүтэй зээлтэй холбоотой асуудлаар ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн зарим хэвлэлээр миний гадаадад гарах эрхийг хаасан гэсэн байна лээ. Тийм зүйл байхгүй. Миний бие Японд томилолтоор ажиллаад ирлээ. Маргааш АНУ руу ажлаар явна” гэв.