Төрийн өмчийн хороог нэгтгэх ажлыг эрчимжүүлнэ
Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг Сангийн яаманд шилжсэн боловч ажиллах орон тоо, төсөв нь батлагдаагүй. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгааг харгалзан Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн хороог татан буулгах, чиг үүргийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсэг төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, өмчийн төлөөлөл, бүртгэл, тооллого зэрэг асуудлыг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулах үүргийг давхар хүлээж байгаа юм.
Үйл ажиллагааны үр дүнгээ ирэх сарын 15-ны дотор танилцуулах аж. Мөн Төрийн өмчийн хорооны чиг үүрэг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжсэн. Үүнтэй холбогдуулан чиг үүргийг тасралтгүй, давхардалгүй зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.