З.Энхболд: УИХ ипотекийн найман хувийн зээлийн асуудлыг энэ сардаа шийдвэрлэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Одоогийн УИХ, Засгийн газар ард түмэндээ дүнгээ тавиулах цаг ойртчихлоо. Өнгөрөгч хугацаанд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ямар гол ажлуудыг амжуулав. Хийсэн ажлуудаа эхнээс нь дүгнээд эхэлсэн болов уу?
-УИХ-ыг зөвхөн хууль баталдаг байгууллага гэсэн ойлголт түгээмэл. Та ч бас энэ хүрээнд асууж байна. Үндсэн хуулийн хүрээнд хууль батлан гаргах нь УИХ-ын үндсэн ажил. Хоёрдугаарт, Засгийн газрыг томилон ажиллуулдаг. Хэрэв ажлаа хийж чадахгүй бол хянадаг, сольдог, хяналтын функц бас бий. Үүнийг ганцхан Засгийн газарт хамаатуулан ойлгож бас болохгүй. Засгийн газраас гадна маш олон байгууллага болон албан тушаалтнуудыг томилон ажиллуулж байна. Засгийн газар хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг бол УИХ хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад нь үнэлэлт, дүгнэлт өгдөг. УИХ бол хэдэн хууль хэлэлцээд суудаг явцуу байгууллага биш. УИХ-ын үйл ажиллагааг мэдээж жил бүр дүгнэдэг. Чуулган болгоноор бүх Байнгын хороо хийсэн ажлаа тайлагнадаг.
Тэгэхээр энэ дөрвөн жилд юу хийсэн бэ гээд асуучихаар үүнд хариулахын тулд маш их цаг хугацаа шаардагдах болно. Бид нэг намтай, төлөвлөгөөт эдийн засгаар явдаг, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрдөггүй, хувь хүмүүс нь эрх чөлөөгүй нийгмээс дэлхийн 200 гаруй улсын дийлэнх олонхийнх нь явдаг ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг, дуртай шашнаа шүтдэг гэх мэтчилэн өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийсэн 25 жилийг өнгөрүүллээ. Энэ 25 жилд манай Их хурал хаахна явна вэ гэдэг дүгнэлтийг тавих байх. Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд энэ Их хурлын түүхэн үүрэг нь өөр зүйлд бий.
-Өөр зүйлд гэдэг нь...
-Эдийн засгийн 17 хувийн өсөлтөөс энэ жил 3-4 хувийн өсөлттэй болж байна. Ийм хүнд байдалд орууллаа гэж Ардын намынхан яриад байгаа юм. 2005-2011 оныг дэлхий даяараа уул уурхайн салбарын маш том “найр” болсон гэж дүгнэж байгаа. Уул уурхайн түүхий эдийн үнэ 3-4 дахин өссөн нь тухайн үед том “найр” шиг зүйл боллоо шүү дээ. Найрын маргааш яадаг билээ...
-Шартах байх...
-Тэр шартдаг үйл явц нь манай Их хурлын үед таарчихсан. Түүхий эдийн үнэ хэрхэн унаж байгааг мэдэж байгаа байх. Манай экспортын бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд хамгийн ихдээ гурав дахин буюу 300 хувиар, хамгийн багадаа 30 хувиар буурлаа. Угаасаа 17 хувийн эдийн засгийн өсөлт гээд байгаа чинь буруу тоо байсан юм.
Оюутолгойн таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн жилүүд нь 2009, 2010, 2011 онууд байлаа. Таван тэрбум ам.доллараа гурван жилд хуваагаад үзэхээр нэг жилд 1.6 тэрбум ам.доллар болно. Өмнө нь огт байхгүй байсан 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмэгдэхээр 17 хувийн өсөлт шиг харагдаад байгаа юм. 2012 онд шинэ УИХ, шинэ Засгийн газар гарсны дараа Оюутолгойнхон дургүй нь хүрээд хөрөнгө оруулалтаа зогсоочихсон юм биш. Төлөвлөгөөт хөрөнгө оруулалт нь дуусаад ил уурхай нь ажиллаад эхэлчихсэн болохоор 17 хувийн өсөлт гурав болж буурсан мэт харагдаад байгаа юм. 17 хувийн өсөлт гэдэг бол нэг удаагийн арга хэмжээ байсан гэдэг нь харагдаж байгаа. 17 хувийн өсөлт ганц жилд л хүрсэн. Түүнээс өмнө 11, 12 хувь л байсан. Гэтэл бид 17 хувийн өсөлтдөө тааруулаад төсвийнхөө зарлагыг хэт өсгөчихсөн алдаатай эдийн засгийг хүлээж авсан. Үүнд асуудлын гол нь байгаа. Өнөөдөр бид шинэ нормал гэдэг шинэ нэр томъёо өгөөд байгаа. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж амьдарч сурдаг. Уул уурхайн гэнэтийн хэт тэлэлт эдийн засагт ямар эрсдэл авчирдгийг харлаа. Тэр үед алсыг хардаг ухаантай хүмүүс “Энэ бол мөнхийн юм биш ээ. Та нар илүүдээд байгаа мөнгөө ирэх жилүүдэд байдал хэцүүдэх үед хэрэглэх хуримтлал болгож хадгалаач ээ” гэхэд тухайн үеийн Улсын Их хурал, Засгийн газар сонсохыг ч хүсээгүй. Тэр үед зарим хүмүүсийн хэлж байсныг би иш татдаг юм. “Түүхий эдийн үнэ хэзээ ч унахгүй. Яагаад гэхээр түүхий эд дуусдаг. Дэлхийн хүн ам үргэлж өсч байдаг” гэж ярьж л байсан. Намайг төрж байхад дэлхийн хүн ам гуравхан тэрбум байсан бол одоо долоон тэрбум болчихлоо. 50 жилийн өмнө намайг төрж байхад Монгол Улсын хүн ам нэг сая гаруй байсан. Одоо гурван сая хүрчихлээ. Хүн амын өсөлтийг дагаад байгалийн баялаг дуусдаг болохоор үргэлж эрэлт өндөр байна. Нийлүүлэлт нь үргэлж дутах болохоор түүхий эдийн үнэ хэзээ ч унахгүй гэдэг өөдрөг сэтгэлгээгээр тухайн үеийн Их хурал, Засгийн газар асуудалд хандсан. Тэр утгаараа зарлагаа өсгөсөн. Их “Найр”-ын үед бүгд архи уусан хүмүүс шиг хөөрөлтийн байдалтай байсан.
-25 жилийн хугацаанд засаг барьсан цаг хугацааг харахаар 1996, 2012 он гээд АН-тай холбоотой үеүдэд эдийн засаг хүндэрсэн байх юм. Тэр утгаараа сөрөг хүчнийхэн Ардчилсан намынхан засаглаж чаддаггүй гэж шүүмжилж байна л даа...
-Үндэслэлгүй зүйл. Монголын ард түмэн Ардчилсан намыг хэзээ сонгож байна гэхээр 1997 оны Азийн хямралын үеэр сонгосон байдаг. Тэр үед одоогийнхоос хэцүү байсан. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 1000 ам.доллар хүрч байсан юм уу. 2004 онд хамтарсан засаг байгуулахад 2005 онд мөн хямрал болсон. 2012 оны хямралын жил мөн биднийг Монголын ард түмэн сонгосон байгаа юм. Тэгэхээр хямралтай ажиллаж чадах нь Ардчилсан нам юм байна гэж үзсэн болов уу. Ардын намынхан хямрал дууссаны дараа өсөлтийн жилүүдэд орж ирээд нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөг, шинэ гэр бүлийн мөнгө гээд гоё нэр олж байгаад мөнгө тараадаг. Тэд бол тараадаг бид бол хямралын үед бүсээ чангалж амьдрах арга хэмжээнүүдийг авдаг. Түүнээс биш Ардчилсан нам Азийн мөнгөний хямралыг хийж, Ардчилсан нам түүхий эдийн үнийг унагачих нөлөөлөл бидэнд байхгүй. Биднээс үл хамаарах шалтгаанаар хийгдэж байгаа зүйлс.
-Сонгуульд ялах гэсэн намуудын марафон нь иргэдэд нэг сая, 1.5 сая төгрөг өгнө гэх мэтчилэн амлалтууд болсон. Энэ мэтчилэн ойрын улс төрөөс болж хуримтлал үүсгэж чадаагүй нь ард түмний буруу юу. Улс төрийн намуудад өөрсдөд нь асуудал байгаа юм биш үү?
-Ийм асуудал байгаа учраас сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, ийм зүйл амлаж болохгүй гэж хуульчилсан. Одоо бол ямар ч нам тийм зүйлийг амлаж чадахгүй. Ардчилсан намыг нэг сая төгрөг амласан гэж ард түмэн ойлгоод байдаг юм. Бид нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний Таван толгойн хувьцаа л амласан. Тэрийгээ өгсөн. Чиний, миний бүх хүмүүсийн нэрээр Хөрөнгийн бирж дээр хувьцаа хадгалагдаж байгаа. Иргэд “Би хувьцаагаа хэзээ зарах вэ” гэж асуудаг. Зарах болоогүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшиндээ хүрчихсэн байхад монголчууд хувьцаагаа зарж болохгүй. Өнөөдөр хувьцаагаа зарвал нэг сая төгрөг хүрэхгүй. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, хоёр жилийн дараа хувьцаагаа зарах эрхийг нь нээе гэж бодож байгаа.
-Яагаад хоёр жил гэж?
-Урагшаа явсан төмөр зам, зүүн тийшээ явсан Сайншандын төмөр зам ашиглалтад орж байж Таван толгойн нүүрс зах зээл рүү гарч чадна. Өнөөдөр төмөр замгүй болохоор зардаг нүүрсний хэмжээ бага байна. Одоо бол хэдхэн сая тонноор ярьж байгаа бол бид хэдэн арван сая тонны тухай ярьж байна.
-Төмөр замын асуудал ирэх хавраас шийдэгдээд явах болов уу гэсэн хүлээлт байна. Ардын намынхан төмөр замыг цэргүүдээр бариулах гэлээ. Олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байгаа гээд Ц.Нямдорж гишүүн эсэргүүцэж байсан...
-Төмөр зам Ц.Нямдоржийн эсэргүүцсэн, эсэргүүцээгүй баригдана. 10 мянган цэргийн асуудал төсөв дээр яригдаад мөнгө нь батлагдсан. Тэр мөнгө бол тухайн цэргүүдийн хувцас, хоол, байрны зардал. Төмөр зам барихад өөр мөнгө хэрэгтэй. Тэгэхээр тэр мөнгийг олж төмөр зам бариулна. 10 мянган цэрэг хүрзтэй очоод төмөр зам барьчих юм шиг буруу ярих хэрэггүй. Тийм зүйл угаасаа байдаг ч үгүй. Одоо бол техникээр барьдаг болсон. Төмөр зам барихгүйгээр Таван толгой үнэ цэнгүй. 2013 онд батлагдсан “Монгол цэрэг бүтээн байгуулалт” гэдэг тогтоолын дагуу энэ мөнгө зарцуулагдана. Монгол Улс дэд бүтцээ хөгжүүлнэ. Түүнийг нь Ардын нам яаж ч эсэргүүцсэн хөгждөгөөрөө хөгжинө. Ирэх хавар хоёр том төмөр замын бүтээн байгуулалт нэгэн зэрэг ажил болно. Олон хүн ажилтай болно. Цэргүүдээ ч гэсэн том машины жолооч, бульдёзорчин, экскаваторчин болгохын тулд өвлийн хэдэн сар МСҮТ дээр сургалтад суулгана. Тэр хүмүүс хүрзээр биш хүчит том техник дээр ажиллана. Төмөр зам, барилга, авто зам гээд дэд бүтцийн томоохон салбарт гадаадын ажиллах хүч оролцдог байсныг энэ Засгийн газрын үеэс эхлэн өөрчилж, монголчуудаа сургаж, ажиллуулж, эх орондоо бүтээн байгуулалт хийх гэж байна.
-Өмнө нь төмөр замаа бариад явчих боломж байсан. Тавантолгой үнэ цэнтэй болох боломж байсан шүү дээ. Үүн дээр хугацаа алдсан тал бий?
-200-хан сая ам.доллар өгөөд зогсчихсон юм. Үлдсэн 200 саяыг нь зах зээлээс олж ав гээд өгөөгүй. М.Энхсайхан гэж сайд гарч ирээд төмөр замын ажлыг таг гацаасан. "Таван толгойг авах гэж байгаа компани төмөр замыг барина. Та нар барихаа боль" гээд зогсоосон. Хэрэв М.Энхсайхан тэгж хэлж зогсоогоогүй байсан бол төмөр зам дуусчих байлаа. Одоо Монголын төмөр зам гэдэг компани төмөр замаа Тавантолгойгоос үл хамааран бариулахаар ажиллаж байна. Засгийн газраас нь янз бүрийн даалгавар өгөөд зогсоочихгүй бол ажил нь хавар эхэлнэ.
-Нэг сайдаас болоод төмөр зам зогссон нь үнэн юм бол хариуцлагыг тухайн сайд нь үүрэх үү. Яг яах ёстой юм?
-Би “Тавантолгойг будлиулсан хүмүүсээсээ сал. Төмөр зам зогсоолоо. Уурхай зогсоолоо. Одоо болоо юм биш үү” гэж Ерөнхий сайдад хэлээд байгаа.
-Гэхдээ л одоо ч гэсэн ажлаа хийгээд явж л байна. М.Энхсайхан сайдын хувьд МАН-ыг засгаас гаргачихвал ажлаа өгнө гэж байсан?
-Өгөх л хэрэгтэй. МАН-ыг засгаас гаргавал ажлаа өгнө гэж мэдэгдэл хийгээд байсан. Өгнө гэж хэлсэн л бол өгөх хэрэгтэй. Юундаа хоргодоод байгаа юм.
-Өнгөрөгч 2015 он бол эдийн засагтаа нэмэр болохуйц Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Хамтын тэтгэврийн тухай хууль болон малчдын ажилласан жилийг 1.2 жилээр тооцдог болно гэхчилэн эдийн засаг болон иргэддээ хандсан хуулиуд батлагдсан гэж хараад байгаа?
-Төсөв батлагдсанаас хойш батлагдсан хуулиуд нэг жилээр хойшилж байгаа. Яагаад гэхээр Хамтын тэтгэврийн тухай хууль, малчдын ажилласан жилийг 1.2 жилээр тооцдог болох хуулийг 2016 оноос хэрэгжүүлье гэхээр Төсвийн тухай хуулиар энэ бүхний тооцоог хийлгүйгээр баталсан. Тэгэхээр бид энэ бүх тооцоог 2017 оны төсөвт суулгана. Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар иргэд маш буруу ойлголттой байна. Улсаас өгч буй халамжийн бодлого гэж ойлгож болохгүй. Дэлхийн аль ч улсад хамт олон жил амьдарсан хүмүүсийн гэр бүлийн тэтгэврийн сан үүсдэг. Манайд болохоор эмгэн, өвгөн хоёрын хэн нэгэн нь нас барчихаар мөнгийг нь улс хураагаад авчихдаг. Гэтэл энэ хоёр хүн насаараа тэтгэврийн шимтгэл төлж бүрдүүлсэн мөнгө л дөө. Тиймээс бид Европын жишгээр хамтдаа бүрдүүлсэн хамтын тэтгэврийн санг нь өөрсдөд нь өгье гэж байна. Ардын намынхан хөгшин эрэгтэй хүн залуу эхнэр авчихвал яах вэ гэж мушгиад байна лээ. Болохгүй. Учир нь тэд хамтдаа бүрдүүлээгүй учраас тэр. Тийм ч болохоор 15 жил хамт амьдарсан байх ёстой гээд заачихсан. Тэр утгаараа хамтдаа тэтгэврийн сангаа бүрдүүлж байгаа юм.
Малчны тэтгэврийн 1.2 жил ч гэсэн мөн адилхан. Нас бууруулъя гэхээр тийм жишиг нь социализмаас хойш алга болчихсон байна. Цэргийнхнээс бусад бүх мэргэжил хэрвээ ажил хөдөлмөрийн нөхцөл нь хүнд гэж үзэх юм бол нэг аравны тэд гэсэн коэффициенттэй л байна. Тэгэхээр бид Ардын намынхны яриад байгаа шиг малчид эрт тэтгэвэрт гарна гэж хуульчилж болохгүй байгаа юм. Бид тэтгэврийнхээ зарчмыг 1990 онд өөрчилсөн. 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан хүн өөрийнхөө тэтгэврийн санг өөрөө бүрдүүлнэ. 1995 оноос өмнө хууль байгаагүй учраас тэтгэвэрт гарсан хүмүүсийнхийг улс өгч байна. Өнөөдөр улс даадаг, хуримтлалын гэсэн хоёр янзын тэтгэвэр авагчтай байгаа юм. Гэтэл энэ хоёр системийн алинд нь ч цэргийнхнийг эс тооцвол аль нэг мэргэжлийн хөнгөлөлт тооцохгүй байгаа. Харин хөдөлмөрийн хүнд нөхцөл бол бий. Үүнийг бид хуульчилж болно. Тиймээс малчны ажилласан жилийг зөвхөн малчнаар ажилласан жилийг нь 1.2 жилээр тооцож байна. Би төрийн албан хаагчаар ажиллаж байгаад 58 настайдаа малчин болоод хөдөө гаръя гэж бодъё. 60 нас хүртлээ хоёр жил малчнаар ажиллачихаад 30 жилээ 1.2-оор үржүүлж болохгүй байхгүй юу. Яагаад гэхээр 30 жилийн чинь 28 жилийг нь ердийн буюу нэг жилээр тооцдог төрийн албаны ажил хийж байсан байхгүй юу. Тэгэхээр хоёр жилд дөрөвхөн сар л нэмүүлнэ гэсэн үг. Энэ хуулийг ухуулан таниулах ажиллагаа хийхгүй болохоор мушгидаг хүмүүс иргэдэд зориудаар буруу мессэж өгөх гээд байгаа юм. Аль аль хууль нь 2017 оноос хэрэгжинэ. Энэ бүхэн бол тэтгэврийн шинэчлэл рүү хийсэн бодлогын томоохон асуудал байгаа юм.
-Өнгөрөгч онд хэрэгжсэн хуулиудаас үр дүнгээ өгсөн нь Шилэн дансны хууль. Ардчилсан намынхан энэ хуулийг гаргачихаад сөрөг хүчнийхний өгөөш болгуулчих шиг санагддаг. Ардын намынхан болохоор Ардчилсан намынхан ингэж мөнгийг баруун солгойгүй цацаж байна гээд нэг твиттерчнээрээ цацуулаад байна. Ардчилсан намынхан өөрсдийнхөө хийсэн зүйлийг хамгаалахдаа муу ч юм шиг?
-Шилэн данс бодлогын хууль байсан. Улсын төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг олон түмэнд нээлттэй болгоё гэдэг үүднээс УИХ баталсан. Мэдээж эрх барьж байгаа нам үүнийг зориглож хийхгүй. Ардын нам эрх барьж байсан бол хэзээ ч хийж чадахгүй алхам байлаа. 25 жилийн 18-19 жилд нь Ардын намынхан засаг барьж байна. Ардын намынхан хийдэггүй, бид харин эрсдэлээс айлгүйгээр чухал шийдвэрийг засаг барьж байх үедээ хийж чаддаг. Ингэж байж нийгэм эрүүлжих ёстой гэдэг итгэл үнэмшил байгаа учраас хийж байна. Хийсний дараа харин үүгээр нь рекламдах хүн маш олон байдаг. Бидний хувьд энэ бүхнийг оноо авах зүйл гэж хардаггүй. Харин ч цаашид боловсронгуй болгох зүйл их бий. Тиймээс ард түмэн зөв нээлттэй мэдээлэлтэй байх нь хамгийн чухал.
-Энэ жил манай улсад ардчилсан чөлөөт сонгуулийн болон байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд ЕАБХАБ-ын хурлыг ч зохион байгуулсан. Их хурлын даргын хувьд өнгөрсөн 25 жилийн хугацааны үйл явцыг хэрхэн харж байгаа бол?
-Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан долдугаар сарын 29-ны сонгууль байдаг. Энэ ойн жилээ Монгол Улсын Их хурал ЕАБХАБ-ын парламентын ассамблейн гишүүн болсон. Бид 25 жилийнхээ ойг тэмдэглэнэ гэж хоёр жил гаруйн өмнө буюу 2013 онд хүсэлт гаргаж байсан юм. Тухайн үед нь зөвшөөрөөд Монгол Улсад ЕАБХАБ-ын намрын чуулганыг хийхээр болсон. 51 орны парламентын 400 орчим гишүүнийг манай улс хүлээж авсан, олон улсын том арга хэмжээ байлаа.
Өөрөөр хэлбэл, дэлхийн 51 орны ард түмнээс сонгогддог 400 гаруй гишүүнд Монгол Улс гэж ямар орон байдгийг харуулсан. Тэдний зарим нь нисэх дээр буухаар морьтой ирээд гэрт байрлуулах байх гэж бодсон хэмээн хошигнон ярьж байсан. Гэтэл засмал зам, авто машин, зочид буудалтай юм гэсэн. Энэ мэтчилэнгээр Монгол Улсыг сурталчилсан том ажил байв.
Мөн энэ жил болох АСЕМ-ийн хүрээнд манай зочид буудал, аюулгүй байдлыг хангадаг байгууллага, нисэхийнхэнд чухал бэлтгэл болсон гэж харж байна. Монгол Улс 25 жил ардчиллаар замнаад амжилт гаргаж байна гэдгээ харуулсан. Бид 25 жилийн өмнөх алхсан мөрөө эргэж харах хэрэгтэй. Ой гэдэг бол 25 жилийн өмнө ямар байсныг хүмүүст сануулах боломж. 1990 онд манай нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 500 ам.доллар байсан бол одоо 5000 ам.доллар болж 10 дахин өссөн. Гэх мэтчилэн яриад байвал маш олон эерэг өөрчлөлт бий. Монгол Улс ардчиллаар замнасныхаа дүнг өнгөрөгч жил тавиулсан. 25 жилийн өмнө 20 сая хүрэхгүй байсан малын тоо толгой 55 сая толгойд хүрлээ. 20 сая байсан малыг 55 сая болтол нь Ардчилсан нам өсгөөгүй. Бид мал маллаж байгаа хүнд нь малыг нь өгөөд “Малаа өсгөөд сайхан амьдар. Чиний мал улсынх биш болсон. Чиний хувийнх болсон” л гэж хэлсэн. Улаанбаатарын гудамжинд багтахгүй байгаа энэ олон машиныг Ардчилсан нам худалдаж авч өгөөгүй. “Та бүхэн хувийн өмчтэй байж болноо” гэсэн юм. Өмнө нь амины өмч гээд барьцаалж болдоггүй, зарж болдоггүй, ашиг олж болдоггүй өмчтэй байлаа. Үндсэн хуулийн Цэцийн гаргаад байгаа хашааны газартай холбоотой шийдвэр нь тэр шүү дээ. Барьцаалж болохгүй, зарж болохгүй гэхээрээ хувийн өмч биш амины өмч болчихож байгаа юм. Ингэснээрээ 25 жилийн өмнөх байдалдаа эргээд оччихож байгаа, ухралт хийж байна гэсэн үг. Амины өмч гэдгийг орчуулж болдоггүй хачин үг л дээ. Социализмын үеийнхэн зохиосон юм шиг байгаа юм. Дэлхий дээр улсын өмч юм уу, хувийн өмч гэсэн хоёрхон хэлбэр байдаг. Гурав дахь өмч гэж байдаггүй. Гэтэл амины өмч, улсын өмч гэдэг хоёрхон өмч манайд байлаа. Гэх мэтчилэн тайлбарлахад хэцүү олон ойлголтууд алга болсон. Тэр хүн сайн ажил хийгээд машин авах мөнгөтэй болбол машин аваад уначихаж болж байна. Ямар алдаа гарсан бэ гэхээр 300 мянган хүнд зориулсан хотод 1.2 сая хүн ирж суусандаа л авто машин нь багтахаа байчихаад байгаа л даа. Тэгэхээр Ардчилсан нам ард түмэндээ зүгээр л боломж олгож байгаа юм. Чи сайн ажилла, дуртай сургуульдаа сур, дуртай зүйлээ худалдан авч болно, хувийн өмчтэй байж болно гэх мэтчилэн.
-Сонгуулийн тухай хуулиа оны өмнө баталж чадлаа. Танаас маш сайн хууль гаргах ёстой гэдэг даалгавар авсан тухай ажлын хэсгийнхэн нь хэлж байсан. Сонгуулийн тухай хууль дээр та ямар бодолтой яваа вэ?
-Манай улс сонгууль бүртээ таарсан хуультай байсан. Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хууль, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, УИХ-ын сонгуулийн хууль гэж байлаа л даа. Гурван жилийн өмнө Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг байгуулахдаа нэг хуультай болгох чиглэл өгсөн юм. Энэ дөрвөн хуульд байгаа хамгийн сайнуудыг нь шингээгээд энэ хооронд дахин сонгуулиуд явсан. Тэр сонгуулиудын сургамжуудыг тооцоод хэдэн жилийн турш томоохон өөрчлөлт орохгүй тийм хуультай болж чадсан. Сонгуулийн хууль гэдэг бол дөнгөн данган олонхи болсон АН Ардын намын саналыг авалгүй баталж болдоггүй хууль л даа. Онолын хувьд баталж болох ч бид тэгэлгүйгээр бүх намуудын хүслийг тусгаж чадсан. Парламентын гадна байгаа намуудын ч гэсэн хүсэл туссан хууль болсон. Сонгуулийн хуулийг намууд өөр нүдээр хардаг байсныг бид хэлэлцүүлгийн үеэр өөр болгосон. Энэ бол нам гээд гэрчилгээ авсан хэсэг бүлэг хүмүүс, хэдэн мянган нэр дэвшигчийн асуудал биш юм. Монголын ард түмэн бүх шатны төлөөллийн ардчиллын байгууллагаа бүрдүүлдэг хууль. Тиймээс энэ бол сонгогчдын хууль. Хоёр сая сонгогчийн хууль болохоос 24 намын хууль биш.
Зарим намуудын зүгээс сонгуулийн сурталчилгааг хоёр сар болгоё. Сонгуулийн бүх зардлаа улсаас гаргая гэх мэтчилэн санал оруулсныг хүлээн аваагүй. Тийм ухралт байж болохгүй. Хар