Даргаа хүлээсэн татвар, гаалийнхан айдастай байна

2016 оны 1 сарын 04

Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэхээр болсон билээ. Ингэснээр хоёр байгууллагын үндсэн чиглэл, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахгүй. Харин байр ашиглалт, төсөв зэргийг нэгтгэх замаар 1.7 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэх тооцоог Сангийн яамнаас гаргасан. Өөрөөр хэлбэл, Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газрын байранд шилжүүлж, тодорхой тооны ажилтныг цомхотгох, хоёр байгууллагын даргыг нэгтгэснээр давхардсан орон тоонууд багасч, цалин, хангамж буурна гэдгийг Сангийн сайд Б.Болор төсөв хэлэлцэх үеэр тодотгож байв. Харин энэ шийдвэртэй зэрэгцээд хоёр байгууллагын дарга нар ажлаа өгөх хүсэлт гаргаснаар О.Ганбат, Д.Ариунсан нарыг оны өмнө чөлөөлсөн юм.

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэгтгэсэн газрын шинэ даргын томилгооны асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Урьдчилсан байдлаар Төсвийн тухай хуульд гааль, татварын байгууллагыг нэгтгэснээр 250 орчим хүн цомхотголд орно гэж буй. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш хэмээн албаныхан хэлж байгаа юм.

Зарим сайтуудаар Гаалийн ерөнхий газарт л гэхэд халаа сэлгээ, цомхотгол эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ талаар тодруулахаар Гаалийн ерөнхий газрыг зорив. Өдрийн 11.00 цагийн үед Гаалийн ерөнхий газар дээр очиход байдал ерөнхийдөө нам гүм байв. Тэнд нүүдэл суудал гээд бөөн бужигнаан болж байгаа болов уу гэж бодсон маань эндүүрэл болж. Гаалийн ажилтнууд ажлаа чимээгүйхэн хийж байгаа харагдана. Гэхдээ тэдний хувьд бага зэргийн айдастай байгаа нь илэрхий байв. Хэдийгээр УИХ-аас нэгтгэх шийдвэр гарсан ч бүтэц, бүрэлдэхүүний асуудал болон цомхотгол, халаа сэлгээ  даргын томилгооны дараа эхлэх болов уу гэсэн айдастай хүлээлт тэдэнд байна.

 

“УДИРДЛАГАА ХҮЛЭЭЖ БАЙНА”

Энэ талаар ГЕГ-ын эрхзүйн хэлтсийн дарга Б.Доржсүрэнгээс тодрууллаа.

-Хоёр байгууллагыг нэгтгэсэн. Гэвч өнөөдрийн хувьд тус тусдаа ажиллаж байгаа юм уу?

-Тийм. Гааль, Татварын ерөнхий газрууд нэгдсэн гэж байгаа ч бид өөрийн ажлаа хийгээд л явж байна. Учир нь хоёр байгууллагын удирдлага томилогдоогүй учраас цаашид яаж ажиллах нь тодорхойгүй. Нэн тэргүүнд  удирдлага томилогдож байж Сангийн сайд бүтэц, орон тоог батлах ёстой.

-Танай байгууллагаас л гэхэд хэдэн хүн цомхотголд орох бол?

-Бидэнд байгаа мэдээллээр гааль, татварын байгууллага удирдлагын хэмжээнд л нийлж байгаа. Ингээд Гааль, татварын ерөнхий газар нэртэй болно. Сангийн яаманд яригдсан урьдчилсан мэдээллээр Гааль, татварын ерөнхий газар нь 184 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллана гэсэн.  Манайх 94 хүнтэй, Татвар 112 хүнтэй гээд бодохоор цөөн тооны хүн цомхотголд орохоор харагдаад байгаа.

 

“ЦОМХОТГОЛ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА”

Татварын ерөнхий газрын хувьд хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь иргэдэд НӨАТ-ын буцаан олголтын ажил энэ сараас эхэлж буйтай, мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт үргэлжилж байгаатай холбоотойгоор хурал зөвлөгөөн хийж, иргэдийн хөлд дарагджээ. Гэхдээ тэд халаа сэлгээ, дарга даамлын асуудалд мөн л хүлээлтийн байдалтай хандаж буйгаа хэлэв. “Өнөөдөр даргыг томилох асуудал яригдана гэсэн. Түүнээс биш бид тодорхой мэдсэн зүйлгүй л байна. Юу юугүй цомхотголын ажил эхлээгүй. Татварынхаа ажлыг хийгээд хэвийн явж байна” хэмээн ТЕГ-ын ажилтнууд ярив. Гэхдээ тэдний дарга томилогдсоны дараа ажлаа алдах вий гэсэн айдастай байгаа нь анзаарагдаж байлаа.

Ямартай ч нэгтгэсэн гэх нэрэн дор яваа ч хоёр байгууллагынхан тус тусын ажлаа хийж, даргын томилгоог хүлээсээр сууна. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр Гааль, Татварын ерөнхий газрын даргаар Сангийн дэд сайд асан С.Пүрэвийг томилж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27368
0 эможи
keyboard_arrow_up