Хүүхдийн эрхтэй холбоотой хуулиудыг он гараад хэлэлцэнэ

2015 оны 12 сарын 31

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас хуулийн төслүүдийн талаар тодрууллаа.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ хуулиар эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг бүрэн дүүрэн хамгаалж чадах уу. Хууль хэзээ батлагдах төлөвтэй байна вэ?

-Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хоёр хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. УИХ хэлэлцэхийг нь дэмжээд ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд нэлээд том ажил амжуулсан. Хүүхдийн асуудал бол айл болгонд хамаатай учраас улс орон даяар санал авах хүүхдийн төлөө ногоон карт гэдэг аян өрнүүлсэн. Нийт 22 мянга 600 санал ирсэн. Энэ саналыг ажлын дэд хэсэг нэгтгээд, хоёр чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт, Монголын үндэсний онцлогт тохирсон амьдрах ухаан, арга барилд тохирсон заалт оруулах. Энэ чиглэлээр судлаачидтай хамтарч ажиллаж байна. Хоёрдугаарт, Монгол Улс нэгдсэн олон улсын гэрээ конвенцид хуулийн заалтуудыг уялдуулахын тулд олон улсын хуульчидтай хамтарч ажиллаж байна. Он гаргаад энэ хуулийг УИХ-аар хэлэлцэнэ.  

-Гэр бүлийн хүчирхийлэл хаалганы цаана далд болдог. Энэ утгаараа нийгэмд ил биш, мэдсэн нэг нь нуугаад өнгөрөх тохиолдол гардаг. Тэгвэл ийм тохиолдлыг хэрхэн зохицуулах вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль батлагдахад бэлтгэл хангагдчихсан. Яагаад гэвэл Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль гэсэн хоёр том хуульд үндсэн чиглэлээ суулгаж өгсөн. Тиймээс Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай батлагдахад харилцан уялдаа холбоотой хэрэгжээд явна. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж өгч байгаа нь том алхам юм. Өмнө нь гомдол гаргасан хохирогчид өөрт нь чирэгдэлтэй байдаг байсан. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийг мэддэг хэрнээ нуугаад өнгөрдөг хүмүүс байдаг. Тэгвэл тэдэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоо бий болж байна. Мөн Эрүүгийн тухай хуульд хүүхдийн эрхийг зөрчсөн этгээдэд оногдуулах ял шийтгэлийг тусгайлан заасан бүтэн нэг бүлэг орсон. Энэ утгаараа хүүхдийг хамгаалах ажил цогц болж ирж байна гэсэн үг юм.    

-Хөдөө орон нутагт хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж үзүүлэх чиглэлийн үйл ажиллагаа дутмаг юм шиг санагддаг. Тэгвэл энэ хуулинд хэрхэн тусгаж өгсөн бэ?

-Энэ хуулийн төсөлд хүүхдийн өмчлөлийн асуудлыг оруулж өгсөн. Учир нь, гэр бүл салахад хүүхэд өмчгүй хоцордог. Хоёрдугаарт нь, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагын бүтэц бий болно. Тухайлбал сум, хороонд гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтантай, дүүрэгт хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй, аймаг хотод хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон газартай болгох дэд бүтцийн асуудлыг зохицуулж өгсөн. Эдгээр субъектээр дамжуулж гэр бүлийн боловсрол олгоно.   

-Хүүхдийн хүчирхийлэлд яг ямар үйлдлийг тусгаж хуульчилсан юм бэ?

-Хүүхдийн хүчирхийлэл бага нас, өсвөр насныханд өөр өөр байдаг. Тэр дундаа хүчирхийллийн хэлбэр нь олон төрөл байна. Тухайлбал, үл хайхрах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, өсвөр насныхан бие биенийхээ эрхийг зөрчих гэх мэт. Үүний дотроос хамгийн ноцтой сэтгэл зовоож байгаа асуудал нь цахим ертөнцөд үйлдэгдэж байгаа хүчирхийлэл юм. Учир нь, эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим харилцаанд тэр болгон хараа хяналт тавиад байх боломжгүй. Гэтэл тухайн хүүхдийн нэр хүндэд халдах, нууцыг нь дэлгэх, гадуурхах үйлдэл гарч байдаг. Үүнээс болж хүүхдүүд сэтгэлээр унах, сургуульдаа явахаас дургүйцэх, бүр цаашлаад амь насанд аюултай үйлдэл хийхээс ч буцахгүй байдалд хүрдэг.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд хамгийн түрүүнд хаана хандах ёстой вэ?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн мэдээллийг авах утас байдаг. Дуудлага хүлээн авмагц тухайн хүүхдэд тусламж үзүүлэх баг ажиллаж байгаа. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар ямар байгууллага ямар үүрэг хүлээж ажиллах талаар нарийн зохицуулалтыг хийж өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27331
0 эможи
keyboard_arrow_up