Сайдууд юу бүтээв?
-Улиран одож буй 2015 онд Шийдлийн Засгийн газрын сайдууд юу бүтээснийг тоймлолооо-
Шийдлийн Засгийн газар байгуулагдан ажилласнаар нэг жилтэйгээ золгож, сайдууд юу бүтээснийг дүгнэж болохуйц боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн жилийн өдийд 18 сайд, 19 дэд сайдтайгаар Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах амлалт өгч байв. Хэдийгээр өнөөдөр эдийн засаг сэргээгүй байгаа ч Оюутолгой төслийн далд уурхай хөдлөх болсон нь гадаад, дотоодын бизнесийнхэнд итгэл өглөө. Ирэх хавраас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Нийтдээ 16 тэрбум ам.доллар шаардаж буй энэ том бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгийн хэмжээг эдийн засагчид жилийнх нь ажил 1.2 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэж тооцоолж байна. Эхний удаад 4.4 тэрбум ам.доллар орж ирэхээр болж, гэрээ зурагдсан. Энэ бол мянга, мянган монголчууд ажилтай болох, мөн туслан гүйцэтгэгч компаниудын ажил дахин сэргэхийн эерэг дохио юм. Хэдийгээр УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг Оюутолгойн ирээдүйд хүртэх ашгийг алсрууллаа хэмээн буруутгаж байгаа ч цаг алдах нь илүү хортой тусах тул үүнээс өөр гарц байгаагүй болов уу.
Харин Тавантолгой төслийг хөдөлгөнө гэх найдвар өдөр өнгөрөх тусам багассаар. Засгийн газар уг ордыг ашиглах тогтоолын төслийг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн мэдүүлэхээ мэдэгдсэн ч шинэ оноос урьтаж чадсангүй. Энэ бол фракци бүрийн сонирхлыг хангаж чадаагүйг харуулсан хэрэг гэж тодорхойлж ч бас болох.
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар “Тавантолгой төслийг дараагийн парламентад шилжүүлж болно” гэх байр суурь илэрхийлэх болсноос харвал Ерөнхий сайдын Тавантолгой төслийг хөдөлгөж хямралыг сөрөх төлөвлөгөө хэрэгжих магадлал буурч буй. Тиймээс үлдэж байгаа зургаан сарын хугацаанд ирээдүйд өгөөжөө өгөх өөр томоохон төсөлд анхаарал хандуулахаас аргагүй болж байна, Засгийн газрын тэргүүний хувьд.
Монгол Улсын сайд юу хийж байгаа вэ?
Тавантолгой төслийг УИХ хүлээн авах боломжгүйгээ илэрхийлж, төрхөмд нь буцааснаар Монгол Улсын сайд М.Энхсайхан эл төслийг дахин удирдахгүй болж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод ажлаа шилжүүлэв. Одоо Эгийн гол усан цахилгаан станц төсөл дээр ажиллаж байна. Гэхдээ Хятадаас авах 1 тэрбум ам.долларын зээлийн 700 гаруй сая ам.долларыг нь зөвхөн Эгийн гол усан цахилгаан станцад зарцуулах нь хэтэрхий үрэлгэн хэрэг болно гэсэн анхааруулгыг УИХ өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газарт өгсөн. Энэ нь зээлийг өөр төсөлд ч зарцуулж болзошгүйг харуулж буй.
Уг нь энэ төсөл хэрэгжвэл Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах боломж бүрдэх юм. Хэрвээ УИХ Эгийн гол усан цахилгаан станц төслийг дэмжихгүй бол Монгол Улсын сайдад удирдаад байх төсөл үгүй болно. Монгол Улсын сайд гэх албыг шинээр бий болгосон нь уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөх зорилготой холбоотой байсан юм.
4.6 их наяд төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа байгуулахдаа Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулж, сайдаар нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг санал болгосныг УИХ хамгийн өндөр ирцтэйгээр хүлээн авч томилж байв. Жилийн хугацаанд тус яам олон ажлыг амжуулжээ. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг батлуулж, 2030 он хүртэлх Монгол Улсын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замын зураглал гарсан бол Үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хууль мөн батлагдав. Ирэх оноос нефть боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрийг барих ажил эхэлнэ. Нефтийн үйлдвэртэй болох нь монголчуудын олон жилийн мөрөөдөл. Зэс хайлуулах үйлдвэр ч мөн Оюутолгойг ашиглалтад оруулах үеэс яригдсан. Уг үйлдвэрийг Бор-Өндөрт барихаар төлөвлөөд байна. Зэс хайлуулах үйлдвэртэй болсноор Оюутолгой ордын алт, мөнгийг зэсээс ялгаж авч, тэр хэрээр эдийн засагт орж ирэх өгөөж нь нэмэгдэх юм. Нэг ёсны нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг бий болгох бололцоотой болно.
Мөн тус яам бие даан ажилласан энэ нэг жилийн хугацаанд үндэсний хөрөнгө оруулагчид 4.6 их наяд төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ. Үүнээс 1.9 их наяд төгрөг нь бодитой, хөрөнгө оруулалт болж, хэрэгжиж байгаа аж. Эдийн засаг хүндрэлтэй үед үндэсний үйлдвэрлэгчид энэ хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлсэн нь салбарын яамны төдийгүй үйлдвэрлэгчдийн хувьд олзуурхах ажлын нэг болж байна.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет”, “Монцемент Билдинг Материалс” компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээр “Монполимет” компанийн 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худгийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон чулуунцар үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг “Монцемент Билдинг Материалс” компани хэрэгжүүлэхээр болж буй юм. Төслийн үр дүнд цементийн үйлдвэр ашиглалтад ороод зогсохгүй улсын төсөвт хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг төвлөрүүлж 375 монгол хүн ажлын байртай болох бололцоо бүрдэж байна.
Нөгөөтэйгүүр, Аж үйлдвэрийн сайд өнгөрсөн аравдугаар сард нэлээн том ажлын ард гарсан нь Монгол, Хятадын хамтарсан анхдугаар экспо. Өвөр монголын өөртөө засах орны Хөх хотод дөрвөн өдөр үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд Монголын үндэсний үйлдвэрлэгчид оролцон 1 тэрбум төгрөгийн худалдаа хийсэн нь зарим компани нь жилийнхээ борлуулалтыг хэдхэн өдөрт амжуулсан явдал байв. Үндэсний үйлдвэрлэгчид гадаад зах зээлд гарах ухаанаа олохгүй байсан тэр гацааг ийн тайлсан хэрэг.
Мөн Аж үйлдвэрийн сайдын өнгөрсөн арваннэгдүгээр сард амжуулсан бас нэг ажлын үр дүн бол Европын зарим орнуудад хийсэн ажлын айлчлал. Айлчлалын хүрээнд Монголын үндэсний томоохон үйлдвэрийн нэг болох МАК компани Герман улсаас 734 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болсон юм. Гол нь дээрх ажлын үр дүнгийн эрчийг сулруулахгүй авч явах нь чухал болж байгааг үйлдвэрлэгчид хэлж буй. Энэ бүхэн Монголд үйлдвэрийг хариуцсан салбарын яам ямар хэрэгтэйг харуулсан үйл явдал билээ.
Үргэлжлэлийг дараагийн дугаарт хүргэх болно.