Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Жавхланг ажлаас чөлөөлөгдөхийг УИХ дэмжсэнгүй
Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Болдын Жавхлан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Түүний хүсэлтийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-д танилцуулсан юм.
Тэрбээр банк, санхүүгийн салбарт 19 жил ажилласнаас 16 жил Монголбанкинд, зургаан жил Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашсан байна.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Төрийн ажлыг дуртай цагтаа хаяад явдаг байж болохгүй. Өөрөө чуулганы хуралдаанд яагаад оролцсонгүй вэ, өөрөөс нь асуух зүйл байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Оюунхорол нар түүнийг хүсэлтийг нь хүндэтгэж, дараагийн ажлын карьерт нь амжилт хүсээд явуулах ёстой гэв.
Б.Жавхлан ажлаас чөлөөлөгдөх тухай Монголбанкны ерөнхийлөгчид гаргасан өргөдөлдөө Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрийн ажлаас чөлөөлөгдөх ёстой гэсэн заалтад захирагдаж буйгаа учирлажээ. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймгаас нэр дэвших төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ийнхүү Б.Жавхлан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа үлдэв.
Ардчилсан нийгэмд хэн ямар сонголт хийх нь хувь хүний эрх баймаар. Гэтэл УИХ-ын гишүүд асуудлаа ойлгосонгүй юү, эсвэл Ардчилсан намынхан сөрөг хүчний өрсөлдөгч болох хүнийг дэмжихийг хүссэнгүй юү. Түүний эсрэг санал өглөө.