С.Дэмбэрэл: Төр бодлогоо арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлэх ёсгүй

2015 оны 12 сарын 23

"2016 оны эхний хагас жилд Монголын эдийн засаг идэвхжиж эхэлнэ"

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Р.Амаржаргал, А.Бакей, Ц.Баярсайхан нар 14 хоног тутамд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр болжээ. Дээрх нэр бүхий гишүүд эдийн засгийг идэвхжүүлэх талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.

-Эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд төр ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Монгол Улсад энэ оны эхний 11 сарын байдлаар үнийн хуримтлал дотоодын хөрөнгө оруулалтын хэрэглээтэйгээ харьцуулахад маш доогуур түвшинд байна. Өөрөөр хэлбэл, тогтмол уналттай. Эдийн засгийг хөдөлгөхийн тулд хүртээмжтэй санхүүжилт буюу хүмүүст хэрэгтэй, боломж олгож байгаа санхүүжилтийг илрүүлэх хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд Төрийн банкны хувьчлалыг зөв явуулах нь чухал. Ингэхдээ 49 хүртэл хувийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хувьчилж, үлдсэн 51 хувийг төр эзэмшилдээ үлдээх. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого болон сангуудыг нэгтгэж банк болгох нь зөв. Ингэснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид өөрсдийн банктай болно. Монголын төр үйлдвэржилтийг дэмжиж, экспортоо нэмэгдүүлэхийн тулд энэ бүх зүйлийг хийх ёстой.

-Төрийн банкийг хувьчлах хэрэггүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Төр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд арилжааны бус өөрийн банкаар дамжуулах ёстой.

-Захидалд өөр юу тусгасан бэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариу илрүүлсэн үү?
-Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрөө яаралтай гаргах хэрэгтэй ч санууллаа. Оюутолгой гэж яриад суухын оронд уул уурхайн экспортоо яаж хөгжүүлэх вэ гэдэг тактик боловсруулах талаар захидалд дурдсан. Энэ саналыг УИХ-ын дарга З.Энхболд ч дэмжиж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэмжиж, бидэнтэй уулзахаа илэрхийлсэн.

-Хэрэв эдгээр саналыг хэрэгжүүлбэл үр дүн нь хэзээ гарах вэ?
-2016 оны эхний хагас жилд Монголын эдийн засаг идэвхжиж эхэлнэ.

-“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт шийдэгдчихлээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-“Оюутолгой” далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой одоо бизнесийн төсөл боллоо” гэж үнэн үг хэлсэн. “Оюутолгой” компанийн үйл ажиллагаанд Засгийн газар хөндлөнгөөс оролцож болохгүй. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшлийн компаниараа дамжуулаад бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр төр “Оюутолгой” компанийн үйл ажиллагаанд хамаагүй оролцохгүй юм.

“Оюутолгой” Монголд ашигтай юу, үгүй юу гэхээсээ илүү хөрөнгө оруулалтынх нь үр өгөөж хэрэгтэй. Монголд хэчнээн ажлын байр бий болох, валютын урсгал ямар болох вэ гэдэг нь чухал.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27164
0 эможи
keyboard_arrow_up