Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбат Англи руу зугтаж, П.Бат-Эрдэнэ “Намайг ирж аваач” гэжээ

2015 оны 12 сарын 22

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас баривчлан саатуулсан билээ. Түүний хамт  БНСУ-ын иргэн, “Эл Си Ти Эс” компанийн гүйцэтгэх захирал Ли Жон Гиол, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэлтсийн дарга З, “Бизнес Имблоёд”  компанийн Б нарыг мөн хорьж саатуулсан. Тэднийг ЭХТА-ийн 148.4-т заасан залилангийн хэргээс гадна ЭХТА-ийн 166.2-т зааснаар мөнгө угаасан хэрэгт давхар сэжиглэн шалгаж байгаа аж. Б.Батзаяа нь батлан даалтад гараад удалгүй дахин хоригдсон бол түүнтэй хамт баривчлагдсан гурван сэжигтэн батлан даалтад байгаа гэнэ.

Дээрх баривчилгааны хамт “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн зөвлөхөөр  ТӨХК-ийн дэд захирал асан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан байдаг. Гэвч баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн тэрбээр АНУ руу зугтсан байдаг бөгөөд эдүгээ Интерполоор Ч.Ганбат болон “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ  нарыг эрэн сурвалжилж буй.

Сонирхолтой нь Ч.Ганбат нь Сайншандын аж үйлдвэрийн парк ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан төдийгүй Б.Батзаяа нарыг шалгаж буй үндэслэл нь  Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах явц, түүний зөвлөх компанитай байгуулсан өндөр үнийн дүнтэй гэрээ зэрэгтэй ихээхэн холбоотой болоод байгаа аж.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр АНУ-ын тал Интерполоор эрэн сурвалжилж байгаа Ч.Ганбатыг баривчлахад хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч Ч.Ганбат Англи улс руу зугтсан байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27126
0 эможи
keyboard_arrow_up