Л.Гансүхийн ялыг хэвээр үлдээлээ
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хэргийн давж заалдах шатны хурал өнөөдөр болсон юм. Өглөө 09.00 цагт эхэлсэн шүүх хурлын хариу дөнгөж сая гарчээ. Шийдвэрээр Л.Гансүхэд анхан шатны шүүхээс өгсөн 4.6 жилийн ялыг хэвээр үлдээхээр болжээ. Харин Монголын шүүхийн түүхэнд гарч байгаагүй зүйл болсон талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь нэг шүүгч энэ хэргийг гэмт хэргийн шинжтэй биш гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Улмаар нэг шүүгч тусгай санал өгчээ.
Мөн Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын гурван иргэнд нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах шийдвэрийг ч хэвээр үлдээсэн байна.
Дашрамд дуулгахад, шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу, Д.Энхбаяр нар оролцож байгаа бол улсын яллагчаар Б.Батжаргал, Ш.Баярбилэг нар оролцсон. Шүүх хуралдаан өглөө 09.00 цагт эхэлсэн юм. Шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар болон шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцсон.