УИХ-ын гишүүнээр дахин сонгож болохгүй ХАР ЖАГСААЛТЫГ хэн тэргүүлж байна вэ
Ардчилал өндөр хөгжсөн улс орнууд сонгуулиас үл хамааран иргэдийн амьдрал ахуй хэвийн үргэлжилж, төрийн бодлогын залгамж чанар үргэлжилж, сонгуулиар аль нам засгийн эрхэнд гарахаас үл хамааран төрийн албан хаагчид тогтвортой ажиллаж, бизнесийн болон аж ахуйн үйл хэрэг хэвийн үргэлжилдэг бол манай улсын хувьд эсрэгээрээ.
Монголчууд бидний амьдралыг төр засгийн бодлогоос хамааралтай байдаг гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй л болов уу. Ийм нөхцөлд бид 1990 оноос хойш 6 удаа УИХ-ын сонгуулийг өгсөн боловч нэгэнт сонгогдсон гишүүдэд хариуцлага тооцох боломж хуулийн хүрээнд байдаггүйн улмаас УИХ-ийн сонгуульд өрсөлдөгчид иргэдийн саналыг “худалдан авахын тулд” янз бүрийн арга хэрэглэдэж сонгогдохыг хичээдэг. Нэгэнт УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол хуралдаа суудаггүй ч, хууль зөрчсөн ч, гадаадад их хэмжээний дансаа нуусан ч, хөрөнгө орлогын мэдүүлэгээ буруу мэдээлсэн, гэмт хэрэг үйлдсэн ч “барагтаа” бол огцорно гэж үгүй.
Ийм нөхцөлд иргэд сонгогчид бидэнд зөв хүнээ сонгох сонголт үлдэж байна.
2016 он бол УИХ-ын сонгуулийн жил. Энэ удаагийн сонгуульд иргэд сонгогчид та бид хариуцлагатай, ухамсартай оролцох ёстой. “УИХ-ын гишүүнээс өөр ажил хийж чаддаггүй” гэдэг онигооны эзэн гэмээр цөөнгүй хүмүүс УИХ-д олон жил сонгогдож байна. Гэвч тэдний ярьж хэлж байгаа бодлого, баримталж байгаа зарчим өнөөгийн нийгмийн хөгжлийн бодлоготой эн зэрэгцэж чадахгүй байна. Ингэхлээр юуны өмнө удаа дараа УИХ-д сонгогддог атлаа хийж хэрэгжүүлсэн зүйлээр “хомсхон” гишүүддтэй иргэд 2016 оны сонгуулиар “тооцоо бодох” нь зөв мэт. Тэдний араас иргэдийн саналыг авч, тэднийг төрд төлөөлөн ажиллах мандат авсан атлаа хуралдаа суудаггүй, суусан ч төрийн бодлого тодорхойлоход идэвхийлэн оролцдоггүй, хувийн ашиг сонирхолоо өмнөө тавьдаг “эрхэм гишүүд”-ийг сонгохоос татгалзах нь зүйтэй.
www.shuurhai.mn сайт иргэдийн энэхүү хүсэлт дээр тулгуурлан http://blacklist.shuurhai.mn/ сайтаар дамжуулан 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгож болохгүй 76 оролцогчийг аймаг, дүүргийн иргэд сонгогчдын санал асуулгад тулгуурлан тогтоох санал асуулгыг зохион байгуулж эхлэсэн.
Энэхүү санал асуулга 12 сарын 28-ний өдөр хүртэл үргэлжлээд, 29-ний өдөр бид Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан, иргэдээс хамгийн олон сонгож болохгүй санал авсан 76 нэр дэвшигчийг олон нийтэд танилцуулах болно.
Манай санал асуулгад тэргүүлж яваа буюу иргэд сонгогчдын зүгээс дахин сонгож болохгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтыг 2012 онд Сэлэнгэ аймагт АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт итгэл төгс тэргүүлж байна. Түүнийг дахин сонгохгүй хэмээн 7698 оролцогч саналаа өгсөн байна. С.Баярцогтын хувьд гадаад улсад валютын нууц данс нээсэн төдийгүй, тэнд бүртгүүлэхдээ БНХАУ-ын иргэн хэмээн бичүүлсэн байдаг. Үүнийгээ тэрээр хүлээн зөвшөөрч, УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгч байсан удаатай. Ийм хүн Монголчууд бидний төлөө сэтгэл зүрх гарган ажиллаж чадна гэж үү?
2016 оны сонгууль дөхөж байгаатай холбогдуулан С.Баярцогт гишүүн өөрийн сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймаг руу хандах биз. Сэлэнгэ аймгийн сонгогчид та бүхэн Дахин сонгож болохгүй хүмүүсийн ХАР ЖАГСААЛТЫГ тэргүүлж байгаа УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дахин сонгохгүй гэдэгт итгэж байна.
Сонгож болохгүй хүмүүcийн ХАР жагсаалтын II байранд 7057 хүний саналаар С.Баяр оржээ. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ эрхэм МАН-аас “хувьсгалт” гэдэг нэрийг хасаж, намаа хуваагдах үндэслэлийг бий болгож, Оюу толгойн гэрээг байгуулахад гол үүрэгтэй ажиллаж байсан нэгэн. Харамсалтай нь одоо АНУ-д амьдарч байгаа бөгөөд тэндээ асар өндөр үнэ өртөг бүхий хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсон.
ХАР ЖАГСААЛТЫН III байранд 6991 хүний саналаар С.Эрдэнэ багтсан байна. Түүний хувьд өдгөө УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байгаа. АН-ын шилдэг кадруудын нэг, АН дах Шонхор фракцийн гишүүн. Тэрбээр Баянгол дүүргийн Засаг даргаар улс төрийн карераа эхлүүлж, улмаар хожим Нийгмийн даатгалын газрын дарга байхдаа өөрийн талын хүмүүстээ их хэмжээний урамшуулал олгосон хэмээн буруутгагдаж байсан бол өдгөө Баянгол дүүргийг “бараг” л өмчлөөд авсан мэт түүний үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, жолооч хамгаалагчаар дүүргэсэн гэдэг. Хүүхдийн паркийн хойно байрлах Шонхор таурыг барих газрын зөвшөөрөл авахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан ордон барьж өгнө хэмээн хууран мэхлэж өөрийн оффисээ босгосон тухай цуврал нийтлэлийг сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаа агсан нас барахаасаа өмнө олон нийтэд хүргэж байсан.
ХАР ЖАГСААЛТЫН IV байранд УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай 6751 иргэний саналаар хамрагджээ. Газрын наймаа, авлигаар хөлжиж улс төрийн гараагаа эхлэсэн Т.Бадамжунай хэдийгээр улс төрийн амьдралд ил гардаггүй боловч улс төрийн “Хор найруулалт”-аараа хэнийг ч дагуулдаггүй гэнэ. Тэрбээр өөрөө Солонгос, Хонконг, Макоа улсын казино хэсэж тоглож явдаг атлаа МАН-ын улс төрийн “тоглоом”-ын дүр зургийн алсаас зурж суудаг нэгэн ажээ. Ямартай ч түүнийг УИХ-ын гишүүнээр сонгож болохгүй хүмүүсийн хар жарсаалтанд сонгогчид оруулжээ.
ХАР ЖАГСААЛТЫН V байранд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 6728 хүний саналаар оржээ. Ц.Элбэгдоржийн хувьд Ардчилалын анхдагчидын нэг. 1990 онд Шударга ёсны төлөө, Сайд дарга нарын хангамжийг устгая, Ардчилалыг тогтооё гэж гудамжинд нөхдийнхөө хамтаар жагсаж байсан тэрбээр 25 жилийн дараа зүтгэж зорьж байсан зүйлдээ хүрч чадсан уу гэдэг асуултыг олон иргэд түүнээс асуух биз. Ам ажлын зөрүүтэй байдал нь түүнийг Хар жагсаалтын 5-р байранд оруулсан гэж дүгнэж болох.
УИХ-ын гишүүнээр сонгож болохгүй хүмүүсийн ХАР жагсаалт УИХ-ын гишүүн Г.Батхүү, Сү.Батболд, Л.Гүндалай, Д.Бат-Эрдэнэ /ажнай/, Н.Батбаяр /фортун/ нараар цааш үргэлжилж байна.
Та энд дарж саналаа өгөөрэй http://blacklist.shuurhai.mn/