Сонгуулийн хуулийг энэ долоо хоногт батална

2015 оны 12 сарын 21

Дээрх үгийг УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдааны үеэр онцолсон. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.

Хуулийн хугацаанд багтаж буюу 2016 он гарахаас урьтан Сонгуулийн тухай хуулийг батлах шаардлагыг улс төрийн 21 намын дарга, гишүүд дэмжигчид шаардан УИХ-ын дарга З.Энхболдод удаа дараа албан бичиг хүргүүлж, “Луйврын хар машингүй шударга сонгууль” жагсаалыг хийж, Төрийн ордны гадна гэр барьж улс төрийн суулт зарлаад буй юм. Мөн хуулийг батлахгүй бол нийслэл 21 аймагт улс төрийн жагсаал, суултыг зохион байгуулж цаашлаад УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ч хөндөнө гэж мэдэгдсэн.

Хэдийгээр өнгөрсөн долоо хоногийн УИХ дахь АН-ы бүлгийн хуралдаанаар  Сонгуулийн хуулийг баталж амжихгүй гэж шийдээд байсан ч дээрх улс төрийн намуудын шаардлагыг харгалзан үзэж ийнхүү хэлэлцэхээр шийдсэн бололтой. Иймээс УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж шийдэлд хүрэн хуулийг өөрчлөх нь ийнхүү тодорхой боллоо.

Дашрамд, МАН тэргүүтэй улс төрийн 21 намаас дараах өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуулинд оруулахыг шаардаж буй юм.

-Сонгуулийн саналыг хар машинаас гадна гараар тооллогыг давхар хийж баталгаажуулах ёстой. Хар машины баталгаат байдлыг хөндлөнгийн байгууллагаар урьдчилсан байдлаар баталгаажуулах асуудлыг Сонгуулийн хуулинд тусгах ёстой. Өнөөдөр ард түмэн хар машинд итгэхгүй байна. Ард түмний итгэлийг алдсан хар машиныг хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд гараар давхар тоолох хэрэгтэй. Харамсалтай нь эрх барьж байгаа АН-ынхан зөвхөн хар машинаар сонгууль явуулна гээд байгаа. Хяналтын тооллого хийхгүй гээд байгаа нь дахин ард түмний бус хар машины сонголтоор бүрдсэн парламент дахин бүрдээд ард иргэдийн амьдралыг доройтуулах вий гэдгээс болгоомжлох ёстой. Төрийн эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуулинд байгаа. Төрийн эрхийг ард түмний мэдэлд байлгахын тулд хар машины саналыг заавал гараар давхар тоолох ёстой.

-Намыг бус хүнийг сонгодог тогтолцоог дэмжинэ гэж шийдсэн. УИХ-ын гишүүнийг иргэд нь тэмтэрч мэдэрч байж сонгодог болох хэрэгтэй. Намын нэрээр хэн ч  мэдэгдэхгүй нөхөр сонгогдож ард нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг асуудал байгаа.

-УИХ гишүүнээр сонгогдсон хүн нам эвслээс гарвал УИХ-ын гишүүний суудлаас эргүүлэн татдаг болох ёстой. Намын нэрээр гишүүн болсон атлаа аль нэг нам эвсэлд урвадаг, шардаваг байж болохгүй гэж үзсэн.

-Сонгуулийн зөрчил маргааныг хурдан хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Мөн асуудал үүсгэсэн хүмүүст оноох хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж үзсэн. 2012 оны сонгуулийн маргаан одоог хүртэл шийдэгдээгүй байна. Тухайлбал, Говьсүмбэр, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудын сонгуулийн маргаан одоог хүртэл үргэлжилж байна.

-СЕХ-г татан буулгаж оронд нь комисс байгуулна гэж байгааг эсэргүүцэж байна. Хэн нэгэн даргын үзэмжээр асуудлыг шийддэг болох эрсдэлтэй.

-Саналын хуудсанд нам эвслээс дэвшиж байгаа гишүүдийг бичихдээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичиж байх шаардлагатай гэж үзэж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27092
0 эможи
keyboard_arrow_up