Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд 14.00 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтээр мэдээлэл хийхээр төлөвлөөд байна. Уг хуулийг УИХ-аас өнгөрсөн наймдугаар сард баталсан ч хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг нь Засгийн газар аравдугаар сарын 10-нд гаргасан аж. Үүний дараа иргэд аж ахуйн нэгжүүд нуугдмал орлого, хөрөнгөө ил болгох боломж нээгдсэн байна.
Татварын ерөнхий газрын мэдээллээр энэ сарын 15-ний байдлаар таван их наяд орчим хөрөнгө, орлого ил болсон. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хууль хэрэгжих хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг ихээр тавих болсон. Учир нь, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль нь арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр хэрэгжиж дуусах юм.
Тиймээс Ерөнхий сайдын өгөх мэдээллээр нэлээд зүйлүүд тодорно.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр үдээс өмнөдөө эхлүүлэх чигийг барьж байна. Ингэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тодорхой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа эхлэх шаардлагатай болж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлэг шинэ он гарахаас урьтаж УИХ Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлага тавьж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаагаас хоёр долоо хоногийн турш УИХ-ын үйл ажиллагаа доголдсон. Нэг үгээр хэлбэл, Төсвийн байнгын хороо хуралдаж хуулийн төслүүдээ чуулган руу оруулж ирэхгүй бол нэгдсэн чуулганыг зарлалаа ч хэлэлцэх асуудалгүй болчихоод байгаа юм.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны зургадугаар сарын 3-ний өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус бүр хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.