Дорнодын ИТХ-ын дарга асан Р.Зоригтбаатар тамгаа авч зугтсан гэв
Дархан-Уул, Дорнод зэрэг аймгуудад улс төрийн нөхцөл байдал нь өдрөөс өдөрт дордож ИТХ-ынхан нь тасралтгүй хэрэлдсээр төрийн ажлыг гацаагаад байгаа гэх мэдээлэл бий. Бодит байдал ямар байгаа талаар өнөөдөр Дорнод аймгийн иргэн Л.Нацагдорж мэдээлэл хийлээ.
Түүний ярьж буйгаар өнгөрсөн есдүгээр сарын 11-ний өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар огцорсон Р.Зоригтбаатар нь уг шийдвэрийг хүчингүй хэмээн үзэж албаны тамга тэмдэг авч, зугтан өнөөдрийг хүртэл төрийн ажлыг гацаажээ. Үүгээр ч зогсохгүй албаны тамга тэмдэг авч хууль бус шийдвэр гарган, өнгөрсөн арваннэгдүгээр сард ИТХ-ын нэг төлөөлөгчийг ажлаас халсан гэнэ.
Р.Зоригтбаатар нь аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаас гарсан өөрийг нь халах шийдвэрийг эсэргүүцэн шүүхийн байгууллагад хандсан ч гэсэн түүний талд шийдвэр гараагүй байхад давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрийн талд гарсан мэт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгааг ч онцоллоо.
ИТХ-ын дарга асан Р.Зоригтбаатарын энэ үйлдлээс болж аймгийн 2016 оны төсөв, эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг одоо хэр нь баталж чадаагүй байгаа аж. Иймээс тус аймгийн сонгогчдын төлөөлөл аймгийн засаг дарга М.Бадамсүрэнд хандан мэдэгдэл хүргүүлээд байгаа аж. Мөн аймгийн цагдаагийн газрын даргад түүний энэ хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн өргөдлөө хүргүүлжээ.