УИХ-ын хоёр гишүүний хэргийг сонгуулиар шоудахаар нөөцөлж байна уу
Авлигатай тэмцэх газарт УИХ-ын хоёр гишүүнийг албан тушаалын хэрэгт шалгаж байгаа гэдэг. Гэхдээ одоогоор түдгэлзүүлсэн.
“Шалгаж байгаа хоёр гишүүн бол Ё.Отгонбаяр, Л.Болд нар” гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн.
Өнгөрсөн есдүгээр сарын 8-ны өдөр юм байна. Хууль зүйн байнгын хороо Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байх үеэр энэ асуудлыг хөндсөн.
Тус байнгын хорооны хуралд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, Улсын ерөнхий прокурорын туслах Ё.Сагсай нар оролцохдоо Ё.Сагсай нь “Мөрдөн шалгаж байгаад хэргийг нь түдгэлзүүлсэн УИХ-ын гишүүд бий. Нууцын зэрэглэлтэй учраас энд нээлттэй мэдээлэл өгөх боломж алга”, харин Ө.Энхтөр нь “Хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй, шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга” хэмээсэн. Эхлээд ингэж мэдэгдэж байсан ч гишүүдийн шахалт, шаардлагын дараа нэрийг нь зарласан хэрэг.
Байнгын хорооныхон хоёр эрхмийн тайлбарыг хүлээж авалгүй, Л.Болд, Ө.Энхтүвшин тэргүүтэй гишүүд “Хэвлэл мэдээллээр Их хурлын гишүүдийг шалгаж байна гээд гараад байгаа. Тиймээс тэр хоёр гишүүнийхээ нэрийг зарла л даа. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг хийсэн мэт зарлачихаад одоо болохоор нууц гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Шалгаж байгаад дараагийн шатанд юу болсныг бас зарлаж баймаар юм. АН, МАН-аас хэн хэн нь хэрэгт шалгагдаад байгааг зарла. Нууц байхгүй болсон” хэмээн нэлээд хатуухан үг хэлж шахсаны эцэст дээрх хоёр гишүүний нэрийг хэлүүлж авсан.
Ё.Отгонбаяр, Л.Болд нарыг шалгаж байгааг хэлэхдээ дарга Ө.Энхтөр “Шалгаж байгаад хэргийг нь түдгэлзүүлсэн” хэмээх тайлбар дагуулсан.
Яагаад шалгаад, шийдэж дуусгахгүй, түдгэлзүүлсэн бэ гэдэг асуулт эндээс гарна.
Энэ асуултад,
Л.Болд гишүүн:
-Би АТГ-т гэрчийн мэдүүлэг л өгсөн. Батлан хамгаалах яам амжилттай ажилласан хүмүүстээ орон сууц олгодог. Намайг сайдаар ажиллаж байхад олон хүнд байр өгсөн. Үүнийг ганцхан сайд шийддэггүй, олуулаа хуралдаж байж шийддэг асуудал. Гэтэл тэндээс нэгийг нь сугалж аваад, 40 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг эрх мэдлээ урвуулан олгосон байна гээд намайг буруутгаад байгаа. Гэхдээ ингэж шалгаж байна гэчихээд шийдэхгүй, түдгэлзүүлсэн гээд хав дарчихаж болохгүй биз дээ. Ингэж дарж байгаад сонгуулийн өмнө гаргаж ирэх гэж байгаа юмуу.
Ё.Отгонбаяр гишүүн:
-Надтай холбоотой асуудлыг хохирогч байхгүй гэдэг үндэслэлээр түдгэлзүүлсэн гэсэн. Хохирогч байхгүй бол яах гээд байлгаад байгаа юм бэ. Л.Болд гишүүний хэлж байгаа үнэн. Сонгуулийн өмнө гэнэт гаргаж ирэх гэж байгаа юм байна л даа. Манай эхнэрийг шалгаж байгаад гэм буруугүй гээд хэргийг нь хаачихсан. Үүнийгээ бас хэлэх хэрэгтэй. Ер нь тэгээд шалгах болохоороо улс орон даяар сүр дуулиантайгаар зарлачихаад дараа нь юу болсныг хэлэхгүй юм.
Харин Авлигатай тэмцэх газраас дээрх асуултад хариулт олсонгүй. УИХ-ын хоёр гишүүнийг шалгаж байгаа ч хэргийг түдгэлзүүлсэн. Ямар учраас түдгэлзүүлснийг хэлэх боломжгүй гэв.
Дүгнэлт:
Албан тушаалтнуудыг шалгаж байгаа талаараа албан тушаалын хэргийг дагнан шалгах хуулиар хүлээсэн үүрэгтэй Авлигатай тэмцэх газраас хэлдэг, мэдээлдэг. Гэвч үнэндээ дээрх хоёр гишүүний хэлсэн шиг шалгаад дараагийн шатанд юу болов, ямар шийдэл гарав гэдэг мэдээлэл нь байхгүй.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг шалгаж байгаа талаар дөрвөн жилийн өмнө тус газраас мэдээлж байсан. Дөрвөн жил өнгөрчихөөд байхад шалгаж дуусдаггүй. Яагаад түдгэлзүүлсэн, ямар саад бэрхшээл учраад байгаа, хэр удаан түдгэлзүүлээстэй байлгах нь мэдэгдэхгүй, БҮРХЭГ. Л.Болдыг мөн шалгаж эхэллээ гэснээс хойш хоёр жил өнгөрч байна. Яах гэж хэргийг түдгэлзүүлсэн нь мөн л ОЙЛГОМЖГҮЙ.
Дээрх хоёр гишүүн өөрсдөө байнгын хорооны хурал дээр "Шалгаж байгаа гишүүд байгаа бол нэрийг нь зарла" гэж шахаж байж өөрсдийнхөө нэрийг хэлүүлж авна билээ.
Нээрээ гишүүдийн хэлдгээр ирэх хавар, УИХ-ын сонгуулийн өмнөх улстөржсөн жүжиг болгон гаргаж ирэх гээгүй л юм бол авлигатай тэмцэгчид энэ мэт бүүдгэр, ЧАНАРГҮЙ ажлаа нэг тийш болгож шийдэн хариуг ард олонд мэдээлэх хэрэгтэй юм. Ард түмэн, сонгогчид бодит үнэнийг мэдэх эрхтэй, тэгж байж хэнд санал өгөхөө ойлгон, шийдвэрээ гаргана.
Улстөржсөн жүжиг тоглож, олон нийтийг мэдээллийн төөрөгдөлд оруулах эрх мэдэл ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАНД байх ёсгүй.