Бонд тойрсон бодлогогүй улс төр

2015 оны 12 сарын 03

Өнгөрөгч мягмар гаригийн УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкнаас гаргасан бондуудын зарцуулалтад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийнхний мэдээллийг сонсох байсан ч дахин хойшлуулав.

Уг хуралд ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан тодорхой шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд АН-ын бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатарын гаргасан “Ажлын хэсгийн дарга гишүүдтэйгээ нэг бүрчлэн ажиллах хэрэгтэй. Ажлын хэсгийн материал бэлэн болоогүй байна” гэх саналыг 23 гишүүний 18 нь дэмжсэн юм. Ингэснээр энэ асуудлыг ирэх долоо хоногт ажлын хэсгийн бүх гишүүдийг байлцуулан Байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр болов.

Эдийн засаг, санхүүгийн салбараа дэмжих, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилгоор дэлхийн улс орнуудын Засгийн газрууд бонд гаргаж, мөнгө босгодог. Яг ийм л зорилгоор Монголын Засгийн газар томоохон бүтээн байгуулалтаа санхүүжүүлэх, үндэсний үйлдвэрүүдээ дэмжих, эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийхээр “Чингис” болон “Самурай” бондыг гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалсан юм. Энэ бол баян, ядуу гэлтгүй дэлхийн улс орнуудын Засгийн газрын хэрэглэдэг түгээмэл арга.

Зарцуулалт нь ил тод мөн олон нийтийн болоод парламентын хяналтын дор “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг зуун хувь улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад зарцуулахаар УИХ шийдсэн. Байгалийнхаа баялгийг барьцаанд тавьж, зээлсэн мөнгөө “Эх орны хишиг” нэрээр тараачихсантай харьцуулахад бондуудын мөнгийг Эрээнийг хөгжүүлэхэд биш эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулж байгаа. Үүний үр дүнд ямартай ч монголчууд цементээ өөрсдөө үйлдвэрлэж, оймсоо оёод өмсдөг болсон байна.

“Эрдэнэт”, “Чалко”, “Рио Тинто”-гоос авсан зээл хяналтгүй халамж болон тараагддаг байсан бол харин Чингис, Самурай бондын мөнгөний зарцуулалтад хяналт тавих үүднээс УИХ-аас “Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж, санал дүгнэлт гаргах” ажлын хэсгийг энэ оны нэгдүгээр сард байгуулсан юм.

Гэвч, ажлын хэсгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байхад Л.Энх-Амгалан гишүүний улстөржүүлсэн эл сэдэв эдийн засагт хэрхэн хохирол дагуулахыг одоогоор таамаглахад төвөгтэй.

Гурван жилийн өмнөх яг өдийд Монголын Засгийн газар олон улсын зах зээлд “Чингис” бондыг амжилттай арилжиж, 1.5 тэрбум долларын санхүүжилтийг олж ирэх үед Монгол Улсын Ерөнхийлөгч “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эгэл иргэд бүгдээрээ хариуцлагаа ухамсарлах ёстой. Ялангуяа албаны хүмүүсийн хийх мэдэгдэл үнэтэй болсон. Янз бүрийн байдлаар хийж байгаа улс төрийн популизм болгон үнэтэй болсон. Их хурлын нэг гишүүний хариуцлагагүй мэдэг­дэл бондоор бодоход 10 сая долларын өр болж монголчуудын нуруун дээр бууна. Монгол хүн бүр төлнө.

Дэлхий нийтийн өмнө хийж буй алхам бүхэн, хэлж байгаа үг бүхэн чинь хариуцлага дагуулна, тодорхой үр дагавартай шүү” гэдгийг сануулж байсан юм.

Харин өнөөдрийн зарим улстөрчдийн бонд тойрсон хэрүүл хэдэн арван сая долларын өр болж монголчуудын нуруун дээр бууж магадгүй байна. Учир нь Хөгжлийн банктай холбоотой улстөрчдийн мэдэгдэл олон улсад арилжаалж байгаа манай Засгийн газрын бондуудын ханшид сөргөөр нөлөөлж буйг ганцхан сарын дотор 10 жилийн хугацаатай гаргасан “Чингис бонд”-ын ханш 3.6 хувиар, 2018 онд эргэн төлөгдөх таван жилийн хугацаатай бондын ханш 1.7 хувиар тус тус буурснаас харж болно.

Өөрөөр хэлбэл, бид дотооддоо хэдий чинээ улстөржинө тэр хэрээр манай Засгийн газраас гаргаж байгаа бондын ханш унана гэсэн үг. Тиймээс улстөрчдийн ялангуяа ажлын хэсгийнхэн хэлсэн үг бүр үнэ цэнтэй гэдгийг ойлгох ёстой болов уу.

Монголчууд бол Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар хоёрын сонгуулийн шоу, хоосон улстөржилт гэж тайлбарлаж болох ч гадныхан тэдний улстөржилтийг Монголын парламентын үг гэж хүлээж авах болно. Тиймээс сонгууль угтсан улстөрчдийн шоунууд Ардчилсан намыг биш Монголын эдийн засгийг муухай харагдуулах юм.

2015 оны арваннэгдүгээр сарын 25-нд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байнгын хороодын хамтарсан хурлаар “Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн санал, дүгнэлт” гэх материалыг танилцуулсан нь АН, МАН-ын дунд “чи идсэн, би идээгүй” гэсэн увайгүй хэрүүл үндэсийг тарьж орхив.

Эцсийн дүгнэлт нь албан ёсоор гараагүй байхад ажлын хэсгийн ахлагч ч гэж ахлагч. Ингэж ам цуурах ямар шалтгаантай юм, бүү мэд. Юутай ч улс орны эдийн засагт энэхүү хэрүүл нь ямар үр дагаврыг авчрах вэ гэдгийг ядаж л тооцож үзсэн байгаасай билээ.

Хөгжлийн банк бол улс орны эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. Ийм том зорилготойгоор тус банкыг байгуулсан. Гэхдээ ямар төсөл яаж санхүүжүүлэх вэ гэдгийг Н.Мөнхбат бүү хэл Ч.Сайханбилэг ч ганцаараа шийдэх эрхгүй. Засгийн газар, яамдаас шалгаруулсан төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлдэг. Үүнийгээ ч Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал “Монгол Улсын Хөгжлийн банк нэг ч ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй, мөн шууд гэрээ хэнтэй ч байгуулаагүй” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна лээ.

Сүүлийн үед МАН-ынхан “Чингис бондын хөрөнгөөс 5,4 сая доллар сох дутаж, улсын төсвөөс давхардуулан Хөгжлийн банкинд уг зардлын төлбөрийг хоёр удаа шилжүүлсэн, үүнийг Үндэсний аудитын газраас илрүүлж, акт тавьсан” хэмээн ярих болсон. Тэгвэл энэ мэдэгдлийг нь Хөгжлийн банк ч, Үндэсний аудитын газар ч үгүйсгэж байгаа. Олон улсын зах зээлд бонд амжилттай арилжаалахад тодорхой зардал зайлшгүй гардаг. Тодруулбал, андеррайтерын төлбөр, зээлжих зэрэглэл тогтоох, хуулийн зөвлөхийн болон роудшоун гэх зэргээр зардал гардгийг эдийн засагч хүнийхээ хувьд Ч.Хүрэлбаатар мэдэхгүй байна гэж огтоос үгүй. Чингис бондоос 5,4 сая доллар дутсан үгүйг ядахнаа бонд гаргасан хөрөнгө оруулалтын банкнаас лавлачихад болно шүү дээ.

Хөгжлийн банкны зүгээс “Төрийн сангийн бондын дансанд орж ирсэн нэг тэрбум 494,6 сая долларын хөрөнгө дээр, дээрх тусгаарлагдсан үйл ажиллагааны зардлын зарлагын гүйлгээг Сангийн яамнаас хийн гүйцээж, бондын хөрөнгийг бүтнээр нь бүрдүүлсэн. Төрийн санд орсон 5,4 сая доллар нь бондын хөрөнгөнд бүртгэгдсэн. Үйл ажиллагааны зардлыг хоёр удаа гаргаагүй бөгөөд Хөгжлийн банкинд үүнтэй холбоотой аливаа шилжүүлэг хийгдээгүй” гэсэн тайлбарыг өгч байна. Гэтэл Ардын намынхан нь болохоор бондын мөнгийг “боодог” болгочихсон байж таараа гэж хий сохроор хардаад байдаг. Ардчилсан намынхан нь “та нар хамгийн их зээлийг нь авсан биз дээ” гэж дайраад байдаг. Аль нь үнэн хэлж, аль нь худлаа яриад байгааг эцэстээ иргэд хүртэл ойлгохоо болилоо. Ямар сайндаа л тэднийг “Хоёр хар хээр бие биенээ гоочлов” гэж ирээд иргэд толгой сэгсэрч суухав дээ.

Уг нь манай улстөрчдөд эдийн засгийн онолын багахан мэдлэг байдаг бол олон улсын зах зээлд бонд арилжаалсан зардлын төлбөр тооцоог тусгаарлан нэгдсэн байдлаар хийх стандарт парктикт байдгийг олон улсын бондын арилжааны мэдээнээс харчихаж болохоор.
Түүнчлэн “Хөгжлийн банк нь Увс аймагт хэрэгжсэн Гудамж төслийн хүрээнд хоёр тэрбумаар ажил гүйцэтгэх саналыг хиймлээр өсгөж 10, эсхүл 27 тэрбум болгосон” гэж Ардын намынхан бас л сохроор хардаж. Ядахнаа хоёр өөр тоог хэлдэг нь юучив дээ. Үүний хариуд Ардчилсан намынхан нь ч дуугай байсангүй, “хоёр тэрбум төгрөгийн санал өгсөн гэх 3,2 км зам нь “Гудамж” төсөлд хамааралгүй, баригдаагүй, орон нутгийн зам байна” гэж хэрэлдэх.

Үгүйдээ л энэ асуудлаар Ч.Хүрэлбаатар Увсдаа очоод ах дүү хамаатан садан, найз нөхдөөсөө асуугаад мэдчихэж болмоорсон. Энд хов базжээ суухаар.

Хөгжлийн банк, бондын мөнгийг тойроод улстөрчид хэр их гуаглахын хэрээр нөгөө талдаа “Худал үгийг мянга давтахаар үнэн болдог” гэгчээр гадаадынханд үнэмшилтэй сонсогдоно. Монголчууд ч яахав, Ардын намын сонгуулийн хар пи-ар,Ардчилсан намын сонгуулийн цагаан пи-ар гэдгийг нь мэдэж байгаа л даа. Гэхдээ хэн нэгийгээ юугаар ч хамаагүй хорлох гээд ёстой улсаараа хамтдаа хорлогдов доо. Сонгууль яахав дуусна, бид Монголдоо л амьдарна шүү дээ. Сонгуулийн дараах Засгийн газрын бондын буян амлаад ч гадныхан худалдаж авахгүй бол яанам.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26753
0 эможи
keyboard_arrow_up