Улс төрийн намуудад ямар шаардлага тавих вэ?

2015 оны 12 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсруулсан юм. Уг хуулийн төсөлд намууд бодлогын нам болж өөрчлөгдөх тэрхүү механизмыг суулгаж өгчээ. Тухайлбал,

  1. Улс төрийн нам нь бодлого боловсруулах инстиуттэй байна,

  2. Хүний нөөцийг бэлтгэх газар байна.

  3. Төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэгч бүтэц байна гэж зааж өгчээ.

Мөн намуудыг сонгуульд нэр дэвших эрхийн төлөө гишүүдээсээ хандив барьцаа мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг бууруулна. Харин татан буулгахад дараах заалтыг мөрдлөг болгох аж.

  1. Нам Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан

  2. Зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй бол

  3. Санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан бол гэж зааж өгчээ.

Мөн 31-ээс доошгүй гишүүнтэйгээр нам байгуулж болох ч 3001-ээс дээш гишүүнтэй бол сонгуульд оролцох шалгуур тавигдаж байгаа аж. Нам нь хатуу гишүүнчлэлээс татгалзана. Зөвхөн татвараа төлдөг гишүүдийг нь намын гишүүнд тооцох юм байна.

Энэхүү хуулийн төслөөр өнөөдөр Иргэний танхимд хэлэлцүүлэг өрнүүлж, улс төрийн намуудын саналыг сонслоо. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд 31-ээс дээш хүн нам байгуулж болно, нам өмчтэй байхыг хязгаарлах, Сонгуулийн ерөнхий хороо намыг бүртгэж, санхүүжилтийг нь олгох, татан буулгах зэрэг заалт туссанд шүүмжлэлтэй хандлаа. Гэхдээ Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.


Хэлэлцүүлэгт улс төрийн бүхий л намын удирдлагууд оролцож байр сууриа илэрхийлснийг онцлон хүргэж байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Улс төрийн бүх хүчнүүд өмчтэй байдаг

-Хуулийн төсөлд хэд, хэдэн ноцтой зүйл заалт байна. Жишээ нь улс төрийн намыг бүртгэх, санхүүжилтийг нь олгох, тараах эрх нь Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд очих нь. СЕХ-г өнөөдөр хэн удирддаг вэ?.  Төрийн эрх барьж байгаа намын хүн л очиж удирддаг. Төрийн эрх барьж байгаа нам Монголын бүх улс төрийн намыг захирах юм руу явж байна. Хоёрт, 31 оюутантай анги нам байгуулж болох нь. Энэ тохиолдолд 24 байтугай, 240 нам байгуулагдах боломж нээгдэнэ.

Улс төрийн намыг тараах татан буулгахтай холбоотой заалт ноцтой байна. Гишүүд нь ёс зүйн зөрчилтэй байх юм бол намыг тараана. Жишээ нь 300 мянган гишүүнтэй улс төрийн нам хүн бүрийнхээ  ёс зүйг хянах боломжгүй. Захиргааны хариуцлага гурван удаа хүлээсэн намыг татан буулгана гэж байна. Би Өвөрхангайн сонгуулийн дүнг эсэргүүцэж 2 удаа Сүхбаатарын талбайд жагсаал хийснийхээ төлөө 2 удаа Захиргааны хариуцлага хүлээсэн. Одоо манай намаас нэг нь жагсаал хийгээд Төрийн ордныг гурав тойроход торгуулаад энэ нам 3 удаа захиргааны хариуцлага хүлээсэн учраас гээд татан буулгах юм руу явах боломж нь нээгдэх нь.

Улс төрийн нам нь нийт гишүүдийнхээ гуравны нэгийг оролцуулсан Их хурал хийж байж шийдвэр нь хүчинтэй болох нь. МАН 210 мянган гишүүнтэй боловч 500-800 төлөөлөгчтэйгээр Их хурал хийдэг.

Хуулийн төслийн 10 дахь заалт их ноцтой. Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байна. Дэлхий дээр байгаа бүх улс төрийн намууд өмч хөрөнгөтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 5.2-т төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөлийн эрхийг хуулиар хамгаална гэж заасан. Үндсэн хуулиар төр ийм үүрэг хүлээсэн.


Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр: Нийгмээ урагшлуулахын тулд хийх л ёстой

-Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Ажлын хэсэг олон улсын туршлагаас аваад сайн ажиллажээ. Намын төлөөллүүдийн хэлээд байгаа 31 хүн нам байгуулах нь зөв үү, буруу юу, Сонгуулийн ерөнхий хороо нь намыг бүртгэж, татан буулгах нь зөв үү, буруу юу гэх мэт асуудлыг дахиад хамтдаа ярих нь зөв юм.

Ж.Мөнхбат өмчийн асуудлыг хөндлөө. Зарим нэг асуудал эрх ашигт нь халдаад юм уу, нийцэхгүй байвал орхиж явж болно л доо. Гэхдээ нийгмээ урагш нь явуулахын тулд хүлээхгүйгээр зайлшгүй хийх ёстой зүйлээ хийх л ёстой.

Намуудын төлөөллийн зарим нь 31 хүнтэй нам болоод явахаар нэр хүнд муутай болсноо цайруулах гэсэн арга гэж ярьж байна. Эрх чөлөөг өгч байгаа гэдэг талаас нь харж болно. Гишүүнчлэлийг дотор нь дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэж ангилсан нь зөв. Ардчилсан нам 170 мянга орчим гишүүнтэй, энэ бүх хүнийг намдаа хатуу хураагаад хатуу хяналттай болгож талцуулмааргүй байна. Тийм учраас дэмжигч нь нийт масс. Гишүүн гэдэг нь татвараа төлдөг байх. Ингэж байж улстөржилтийг саармагжуулна. Хуулиа явуулъя, намуудад таалагдахгүй байгаа юм нь юу байна, тэрэн дээрээ ажиллая.

Санхүүжилтийг шийдэх ёстой. Сонгуульд аль намд сонгогч хэдий хэмжээний санал өгсөн байна, тэрнийх нь хэмжээгээр санхүүжилтийг олгоё гэж байна. Шударга л хуваарилалтын тогтолцоо. Энэ мэт асуудлаа эртхэн шийдэж аваад олон намын тогтолцооны сонгодог утга руу нь явах алхмаа хийх ёстой.


МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж: СЕХ-д бүх эрхийг өгч болохгүй

-Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ яаж ажиллаж байгааг бид мэднэ. Бүртгэлийг, санхүүжилтийг, хариуцлага тооцох бүх зүйлийг аваачиж өгч байна, буруу. Дээр нь улс төрийн намуудтайгаа тооцоо бодох юм руу ороод явчихлаа. Гурав ба түүнээс дээш захиргааны зөрчил гаргасан намыг татан буулгах нь. Өнөөдөр бид ийм байдлаар ардчиллыг, иргэний нийгмийг байгуулах юм уу. Болохгүй.


Иргэний зориг ногоон нам Тамгын газрын дарга Н.Батбаатар: Татвар төлдөг нам дөрөвхөн

-31 гишүүнтэй нам байгуулж болно, тоглоомонд оролцох болохоороо 3000 татвар төлөгч гишүүнтэй байж оролцоно. 3100 татвар төлөгч гишүүдтэй нам өнөөдөр хэд байгаа билээ, үндсэндээ дөрөв. АН, МАН, МАХН, ИЗНН. Энэ заалтыг өөрчлөх ёстой.


Социал демократ намын дарга А.Ганбаатар:

-Польш улсын Улс төрийн намын тухай хуульд 8 хан зүйл заалт байдаг. Эвлэлдэн нэгдэх эрхийг хангасан заалт байна, улс төрийн намыг бүртгүүлэх заалтууд байна. Улсын Дээд Шүүх нь бүртгэдэг. Нам нь Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулбал татан буулгадаг. Хэрвээ төрөөс санхүүжилт авбал түүн дээр л нарийн заалт байна.


МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Цогтгэрэл: Намын төлөвшүүлье гэвэл босго өндөр байх ёстой

-Монголын улс төрийн систем хуучны ЗХУ-ын Коммунист намын бүтцэд суурилсан. 1990 онд байгуулагдсан улс төрийн хүчнүүд нь ч  түүнийгээ дуурайгаад үндэсний хэмжээний бүтцийг авчихсан. Үүнээс болоод үндэстнээ МАН, Ардчилсан нам гэж хоёр хуваасан. Мэдээллийн технологи хөгжөөгүй тэр үед засаг захиргааны байгууллага, хувь хүмүүсээр дамжуулж төрийн бодлого үзэл суртлыг хамгаалах чиглэлээр ийм бүтцийг байгуулж байсан. Мэдээллийн хэрэгсэл хөгжсөн энэ эрин үед үндэсний хэмжээний бүтэц хэрэггүй болж байна.  Тийм учраас энэ хуульд сум, дүүрэгт улс төрийн нам байгуулахыг хориглох ёстой.

Хуулийн төсөлд бодлогын нам болъё, санхүүжилтийг нь ил тод болгоё, дотоод ардчилалтай болъё гэх мэт олон авууштай санаа байна. Гэхдээ 31 хүн нам байгуулна гэдэг маргааш твиттерын, фейсбүүкийн нам байгуулагдана. Энэ ондоо багтаад 200 нам байгуулах бололцоотой. Намыг төлөвшүүлье гэвэл босгыг өндөрсгөх ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
26729
2 эможи
keyboard_arrow_up