Д.Хаянхярваа: "Чингис" бондоос дутсан 5.4 сая ам.доллар хаашаа оров
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн, үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллээр гарч байгаа ташаа мэдээлэлд няцаалт өгсөн юм. Мөн холбогдох асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэв.
УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсэг байгуулж дүгнэлтээ гаргасан. Ажлын хэсэг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг зөрчсөн, бондын мөнгөөс дутсан, сонгон шалгаруулалт хийлгүй шууд гэрээ байгуулсан, ажлын явц дунд мөнгөн дүн нь нэмэгдсэн гэх мэт Хөгжлийн банкны илт хууль зөрчсөн асуудлыг гаргаж тавьсан юм.
Гэтэл ажлын хэсэгт орсон АН-ын гишүүд шалгалтын дүнг зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр гарын үсэг зураагүй. Маргааш Эдийн засгийн болон төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг шалгалтын дүнг хэлэлцэх юм.
Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "МАН-ын дарга М.Энхболд "Говь" ХК-ийн 10, бүлгийн дарга С.Бямбацогт 200 ширхэг хувьцаа эзэмшдэг юм байна. Энэ компани төслийн шалгуурыг хангаад зээл авсан байж болно. "Говь" ХК 7.8 сая ширхэг хувьцаатай, 16 мянган хувьцаа эзэмшигчтэй.
Гэтэл Хөгжлийн банкнаас энэ компанийн авсан зээлтэй холбогдуулж 10 ширхэг хувьцаа эзэмшдэг хүнийг 10 тэрбум төгрөг авлаа гэх мэтээр ташаа мэдээлж байна. Тиймээс аль нэг нам гэлгүй бүх мэдээллийг ид тод болгох хэрэгтэй. Энэ асуудалд нэр нь холбогдсон АН-ын гишүүд хэвлэлээр ил далд давшлах хэрэггүй. Хэн ямар зээл авсан, төслийн үр өгөөж ямар байгааг ил тод зарлах хэрэгтэй. "Чингис" бондоос дутсан 5.4 сая ам.доллар хаашаа оров, хаанаас ямар шийдвэр гарав гэх мэт асуудлыг ил тод гаргаж тавих хэрэгтэй" гэв.
Бүлгийн дарга С.Бямбацогт "Төсвийн хөрөнгө оруулалтаар ажил үйлчилгээ гүйцэтгэсэн компаниудын санхүүжилтийг төсвөөс өгч чадахгүй, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Үүнийг зээл авсан мэтээр мушгин гуйвуулах хэрэггүй. Хулгай хийсэн мэтээр мэдээлэх нь утгагүй юм" гэсэн юм.
Мөн бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Импортыг орлох стратегийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор "МАК" компанийн байгуулсан цементийн үйлдвэрт 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банкнаас зээл авсан. Энэ бол хууль тогтоомжийн дагуу хийгдсэн, ҮАБЗ-ийн зөвлөмжид нийцсэн ажил. Гэтэл үүнийг нэр бүхий хүмүүс өөрсдийнхөө хулгайн үйлдэлтэй харьцуулсан байдлаар улстөржүүлж байгаад харамсаж байна. Цементийн үйлдвэр бол ТЭЗҮ нэртэй цаас хэвлэсэн, төмөр зам барина гээд шороо овоолсонтой харьцуулах аргагүй ажил. Одоогоор 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Аль нь хууль бус, хулгайн зорилгоор мөнгө завшсан бэ, аль нь хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн бэ гэдгийг ялгаж зааглах ёстой" гэв.