Хориг ба парламентын боломж

2015 оны 11 сарын 30

2016 оны төсвийн нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувь байхаар УИХ батласан. УИХ-ын гишүүдийн тооцоолсон тооцоолоогүйг нь мэдэхгүй ч өөрсдийнх нь гаргасан 94 дүгээр тогтоолын дагуу 13 орчим тэрбум төгрөгөөр алдагдал нэмэгдэж магадгүй байна.

Учир нь Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэц гаргасныг УИХ хүлээн авсан. Цэц нийслэлийн 2-3 дүүргийн дунд байгаа эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг дүүрэг бүрт байгуулах ёстой гэж Цэц айлдсан. Үүгээр ч зогсохгүй 2-3 аймгийн дунд байгаа эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуул хэмээн ёстой шийдвэр гаргасан билээ. Энэ бүхэн 13 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Магадгүй гэсэн учир нь УИХ-ын энэхүү тогтоолоо дахин эргэн харахыг хүсч Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авах эсэхээс хамаарч төсвийн алдагдал нэмэгдэх үгүйг энэ долоо хоногийн пүрэв гаригт УИХ хэлэлцэнэ.

Төсвийн данс улайсан учраас агентлагуудаа нэгтгэж, байрыг нь зарахаас өөр аргагүйд хүрсэн Засгийн газарт үнэндээ дахин шүүх байгуулах мөнгө байхгүй. “Хуулиа л дагана даа” гээд УИХ хоригийг хүлээж авахгүй бол сульдсан төсвийг “сөхрүүлж” мэдэх зардал гарах хэрэг гарна. 

Хэрэв хоригийг хүлээж авахгүй бол аймаг бүрт давж заалдах шатны шүүх дагнан байгуулахад дор хаяж 80 орчим шүүгч хэрэгтэй. 80 шүүгчийн 80 туслах, бичиг хэрэг, харуул, үйлчлэгч гээд дагалдах зардал олон тэрбумаар тоологдоно. Багахангай дүүрэгт л гэхэд тэднээс гадна цоо шинээр шүүх байгуулна. Байшин барилга, орон сууц албан тасалгаа хэрэгтэй.

Нийслэл ч яах вэ, харин хөдөө орон нутагт шинээр байгуулах шүүхийн шүүгчид гэр бүлээрээ нүүж очих хэрэг гарна. Дахиал зардал, чирэгдэл.

Эцэст нь эрүү, иргэн, захиргааны хэргээр мэргэшсэн шүүгчээр хэрэг, маргаанаа шийдүүлэх иргэдийн эрх эргээд хүнд байдалд орно. Ийм учраас л ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Монгол Улсын асуудал боллоо” гэдгийг хэлээд буй. Нөгөөтэйгүүр хүн амынх нь нөхцөл байдал, хэргийг нь харгалзан үзсэн ч аймаг бүрт шүүх байх нь илүү зардалтай. Харин өнөөгийнх шиг хэргийн холбогдогчид хүсвэл тухайн аймагт нь шүүгч томилолтоор ажиллаж байгаа түүнээс хавьгүй зардал бага. Тиймээс л эдийн засгийн хувьд Цэцийн шийдвэр дэндүү үрэлгэн гээд буй хэрэг. 

Энэ бүхнээс гадна Цэцийн гишүүдийн гаргасан шийдвэрт эргэлзээ нэгэн зүйл бий. Түүнийг ч Ерөнихийлөгч хоригтоо тодорхой тодорхойлсон нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр  шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан билээ.  

Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэх...” гээд буй.

Харилцан адилгүй нь юу гэсэн үг вэ гэхээр 2004 онд байгуулагдсан Захиргааны хэргийн шүүхт давж заалдах шатны шүүх ганцхан бий. Өөрөөр хэлбэл аймаг болгонд анхан шатны Захиргааны хэргийн шүүх байснаас бус Үндсэн хуулийн Цэцийн хэлээд буй шиг давах шүүх байгаагүй. Нийслэлд л байсан хэрэг. Гэтэл 2003 онд батлагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байсаар өнөөг хүрчээ. Тиймээс л Шүүх байгуулах тухай хуульд өнөөгийнх шиг өөрчлөлт оруулж болно гэж хууль санаачлагчид тооцоолсон хэрэг. Үндсэн хуулийн Цэц ч Шүүх байгуулах тухай хууль гаран гартал “амаа үдээтэй” байлгасан хэрнээ 11 жилийн дараа “эцэг” хуулийг зөрчиж байна гэсэн нь хачирхалтай тайлбар. Өөрөөр хэлбэл нэг зүйлийг хоёр хуульд өөр өөрөөр тайлбарлаж буй хэрэг

Эсвэл тэртээ 2003 оны хуулийг эргэн харж, дахиад харилцан адилхан шийдвэр гаргах үүднээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуулах шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргах нь. Ингэвэл мөнөөх 13 тэрбум 26 болж хувирна.  

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй, авлаа гэхэд Үндсэн хуулийн Цэц их суудлын хурлаараа шийдвэрээ хэвээр үлдээвэл шийдвэрийг хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Хэрэв тэгвэл эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй учраас зайлшгүй төсвийн тодотгол хийх хэрэгтэй болох нь гарцаагүй. Энэ хирээрээ иргэний шударга шүүхээр шүүлгэх боломж хумигдаж эхэлнэ.

Шүүхийн шинэтгэлийн амин чухал нэг хэсэг нь шүүхийг дагнаж, шүүгчийг мэргэшүүлэх явдал байсан. Харин Үндсэн хуулийн манаачид хийгээд хууль тогтоогчдын аль аль нь үүнийг тооцож, эдийн засаг болоод иргэддээ ашигтай шийдвэр гаргана гэж найдах үлдлээ.

Ямартай ч Цэцийн шийдвэрийг хүлээн авсан УИХ-ын 94 дүгээр тогтоолоо эргэн харах боломж нь Их хуралд бий

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26683
0 эможи
keyboard_arrow_up