О. Баасанхүү багадаа С.Баярцогтод балбуулж байсан юм болов уу

2015 оны 11 сарын 17

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өчигдөр мэдээлэл хийв. Өмнөговийн Гурвантэс болон бусад аймаг, сумын иргэдээс байгалийн үзэсгэлэнт Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн мянга гаруй өргөдлийг Өргөдлийн байнгын хороо болон гишүүдэд өнгөрөгч хавраар ирүүлсэн байна.

Тус Байнгын хороо дээрх өргөдлүүдтэй танилцаж, нэн даруй шийдвэрлүүлэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өнгөрөгч долдугаар сарын эхээр буюу халуун зунаар ханджээ. Энэ дагуу наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичигт Тост, Тосон бумбын нуруу болон нэр бүхий долоон газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулахаар судалж, УИХ-д төсөл өргөн барихаар бэлтгэж буй талаар мэдэгдсэн аж.

Харамсалтай нь үүнээс хойш гурван сар өнгөрчихөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ аваагүй тул уг асуудлыг ирэх долоо хоногт Байнгын хороогоороо хэлэлцэхээр болсноо хэвлэлийн бага хурал зарлан мэдээлсэн нь энэ. Ингэхдээ тэрбээр “Засгийн газарт найдаад бүтэхгүй нь.

Уг ажилд ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын лообий орсон гэж хардаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар өнөөдрийг хүртэл хэлэлцсэнгүй. Үүгээрээ олон хууль, тогтоомж зөрчсөн” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ бол Өргөдлийн байнгын хорооны даргын хийх л ёстой ажил. Магадгүй УИХ-ын хамгийн “хэрүүлч”, заргач, мятрашгүй нэгнийг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгосон шалтгаан үүнтэй холбоотой байж мэдэх. Энэ үүднээс харвал ажил, үүргээ хамгийн сайн гүйцэтгэж байгаа дарга бол яах аргагүй О.Баасанхүү.

Тэр хувь гишүүнийхээ үүднээс энэ удаагийн парламентын хуралдаануудад хамгийн олон бөгөөд удаан үг хэлж, асуулт тавьсан үзүүлэлтээрээ гишүүдтэй холбоотой статистикт тогтмол дээгүүр бичигддэг онцлогоо Байнгын хорооны даргын хувьд ч нэр төртэй хамгаалж буй гэхэд болно. Үнэхээр ч “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчин С.Эрдэнэ өөрийгөө шатаахад хүртэл хамгийн түрүүнд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн хүн О.Баасанхүү л байсан.

Гэвч тэр сүүлийн үед Байнгын хорооны даргын далбаан дор хувь гишүүний итгэл үнэмшлээ баталж, үзэл бодлоо үнэн болгож гүйцэлдүүлэх гэж хэт улайраад буй нь илт. Тодорхой хэлбэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд С.Баярцогтыг унагах гэсэн О.Баасанхүү гишүүний зорилго толгойлдог Байнгын хорооных нь үйл ажиллагааны цөм болсон мэт анзаарагдах боллоо.

Өчигдөр ч үүнийг мэдрэв. Үүнээс өмнө буюу аравдугаар сарын эхээр болсон Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн, халагдсан иргэдийн гомдол болон Шилэн дансны тухай хууль хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэдэг үндэслэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцож, огцруулах талаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол баталж, Ерөнхий сайдад хүргүүлээд буй билээ.

Одоогоос хоёр сар гаруйн өмнө гишүүн О.Баасанхүү сайд С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслөө өргөн барьсан. Түүнийг төсөл өргөн барьсны дөнгөж маргааш Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа хийж, О.Баасанхүүгийн адилаар гишүүд дангаараа, эсвэл хэд хэдээрээ нийлж Засгийн газрын гишүүдийг ганц нэгээр нь огцруулах буюу “шүд сугалдаг” эрхийг хязгаарласан.

Үүнийг УИХ хэлэлцэн хүлээж аваагүй ч Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гартал холбогдох хуулийн үйлчлэл хийгээд С.Баярцогтыг огцруулах төслийн хэлэлцүүлгийн аль алиныг нь түдгэлзүүлээд буй.

Энэ хооронд юу, эс болж өнгөрөв. О.Баасанхүү “С.Баярцогт Цэцийг автомашинаар авлигадаж, өөртөө ашигтай шийдвэр гаргууллаа” гэх агуулгатай мэдээлэл цацаж, үнэн мөнийг олох гэж УИХ-аас ажлын хэсэг хүртэл байгуулагдав. Араас нь С.Баярцогт нэг удаа албан ёсоор тайлбар мэдэгдэл хийсэн. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тэд зөндөө хэрэлдсэн. Харин О.Баасанхүү гишүүний огцруулах гэсэн хүсэл оволзсоор байгаа нь энэ гэлтэй.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд С.Баярцогт хоёрыг ажил үүргийн чиг шугам нь огтлолцуулж, зөрчилдүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Ажил хэргээс болж ам мурийх явдал бишгүй. Гэвч О.Баасанхүү гишүүний “Эвслийг задалж байгаад ч хамаагүй Засгийн газрыг огцруулна. С.Баярцогттой нэг ширээнд сууж чадахгүй.

Түүний оффшор дансны хэргийг дахин шалгуулна” гэх эрхэлж, бас өширхсөн аятай үг, үйлдэл нь ийн бодоход хүргэв. Түүнд хэзээнээс хуримтлагдсан юм бол гэмээр асар их үзэн ядалт байх шиг. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн оронд гарч ирэх хүн нь та юм биш үү” гэсэн асуултад “Хэний шидсэн чулуу болохыг би гадарлана шүү дээ. Хэний хэвлэлд, хэн бичиж байгааг л харчих.

Бид багадаа нэг дор өссөн улс. Надад их өсөрхөөд байдаг юм. Бодвол багад нь би зодчихсон юм шиг байгаа юм” гэж хариулсан байсныг энд эш татъя. Уг нь энэ парламентад Г.Баярсайхан, У.Хүрэлсүх хоёр шиг олны нүдэн дээр гар зөрүүлсэн тохиолдол үгүй. Тэгэхээр “С.Баярцогт багадаа О.Баасанхүүг балбаж байсан юм болов уу” гэж ч бодох шиг. Монгол төр өс хонзонгийн талбар биш байлтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26446
0 эможи
keyboard_arrow_up