Нэг тэрбум долларын зээлээ нэг жилийн дараа авна
Эрчим хүчний сайд Д.Зоригттой цөөн хором ярилцлаа.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлал эрчим хүчний салбарт нэлээд өндөр ач холбогдолтой айлчлал болох шиг боллоо. Хоёр улс цаашдаа эрчим хүчний салбарт хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбар нэлээд идэвхтэй байгаа. БНХАУ-ын компаниуд Монголын эрчим хүчний салбарын өргөтгөл шинэчлэлийн ажил, шинэ эх үүсвэр барих ажилд оролцож байна. Үүнээс гадна УИХ өнгөрсөн зургадугаар сард Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогоо баталсан. Алс хэтдээ Монгол Улс эрчим хүч экспортлох орон болох зорилт тавьж байгаа. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын эрчим хүчний байгууллагуудтай, томоохон компаниудтай нэлээд олон удаа уулзалт хийж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн өндөр хүчин чадалтай экспортын цахилгаан станц, хил дамнасан цахилгаан дамжуулах шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа. ТЭЗҮ-ээ зургаан сарын хугацаанд боловсруулах ёстой. Эдийн засгийн хувьд ашигтай гэсэн тооцоо гарах юм бол цаашдын хамтын ажиллагааныхаа гэрээ, хэлэлцээнд орох юм. Мөн БНХАУ-аас манай улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ зээлийн хөрөнгөөр хэрэгжих томоохон төслийн нэг бол Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. Уг төслийн ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Энэ зээлийн тусгайлсан хэлэлцээр тусдаа явагдана. Үүний дараа ирэх жилээс станцын барилгын ажил эхэлж 2022 онд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Эгийн голын усан цахилгаан станц манай эрчим хүчний салбарт гол үүрэг гүйцэтгэх сэргээгдэх эрчим хүчний том эх үүсвэр.
-Зээлийн санхүүжилт ам.доллараар хийгдэх үү, эсвэл нэг тэрбум ам.доллартой тэнцэх юань зээлэх юм уу?
-Нэг тэрбум ам.доллар 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй зээлэхээр болж байгаа юм. Энэ зээл ам.доллараар санхүүжигдэнэ. Зээлийг зөвхөн Эгийн голын усан цахилгаан станцад зарцуулахгүй, авто замын төслүүдэд бас зарцуулна. Манай эрчим хүчний салбар өглөө, оройн ид ачааллын үедээ ОХУ-аас эрчим хүч авч байгаа. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор ОХУ-аас эрчим хүч импортлохоо болино.
-ОХУ-аас авч буй эрчим хүчний төлбөрт жилд хэдэн төгрөг төлдөг вэ?
-Жил болгон 30 орчим сая ам.доллар төлж байгаа. Энэ хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Манай улс зөвхөн ОХУ-аас бус БНХАУ-аас бас эрчим хүч авдаг. “Оюутолгой” компани тус улсаас эрчим хүч худалдан авч байна. Эгийн гол, Багануур, Тавантолгойн цахилгаан станц баригдсанаар манай улс өөрөө өөрийгөө эрчим хүчээр хангадаг болно. Шивээ-Овоод цахилгаан станц барьсан тохиолдолд манай улсын анхны экспортын цахилгаан станц болох юм. Өөрөөр хэлбэл, манай улс экспортын орлогоо нэмэгдүүлэх, эдийн засгаа солонгоруулахад чухал ач холбогдолтой.
-БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээ хэзээ авч эхлэх вэ?
-Одоо төсөл тус бүрээр тусгайлсан хэлэлцээр хийнэ. Энэ ажил жилийн хугацаанд явагдах байх.
-Зээлийн хугацааг нь 30 жил болгох санал тавьсан гэж сонссон. Манай талын энэ саналыг хүлээж авсан уу?
-Манай тал санал тавьсан. Одоогийн байдлаар бол 20 жилийн хугацаан дээр тогтоод ерөнхий хэлэлцээртээ гарын үсэг зурчихлаа. Ер нь явцдаа зээлийн нөхцөлийг сайжруулах яриа хэлэлцээ үргэлжлэх боломжтой гэдэг нь сая Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр яригдсан.