Д.Тэрбишдагва: Хүүхдээс 900 сая төгрөг харамлалаа
УИХ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийг батлаад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тодрууллаа.
-Ирэх жилийн төсөв батлагдлаа. Та нэлээд шүүмжлэлтэй хандлаа, хүүхдүүдээс 900 тэрбум төгрөг харамлалаа гэж?
-Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг боловсруулж өргөн барихдаа л дэндүү хайнга, тооцоо судалгаа муутай хандсан. Намын бүлгүүд, байнгын хороодоос санал гаргаж, гишүүд ч шүүмжилж, өөрчлөхийг шаардсан учраас Засгийн газар 2016 оны төсвийн төслөөс бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудлаа эргүүлэн татсан юм. Миний хувьд ч тэр, Шударга ёс эвслийнхэн хэсэгчлэн биш, төсвийг бүхлээр нь татаж аваад дахин боловсруулалт хийгээд оруулж ирэх санал гаргаж байлаа. Ингэхдээ байнгын хороод, бүлэг, эвслээс гаргасан хөрөнгө оруулалт, зардалтай холбоотой зарчмын саналуудыг судалж үзээд боломжтойг нь тусгаад, боломжгүйг нь танаад, мэргэжлийн хүмүүсээр боловсруулалт хийлгээд оруулж ирэх нь үр дүнтэй байсан юм . Гэвч энэ саналыг хүлээж аваагүй.
УИХ-аас ажлын хэсэг гарч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахалж ажиллалаа. УИХ-ын гишүүдийг Сангийн сайд шиг, Сангийн яамны мэргэжилтнүүд шиг болгоод байх юм даа. УИХ-ын ажлын хэсгийнхэн өөрсдийгөө мундаг төсөвчин, төсвөөр бараг мэргэшсэн гэж ойлгодог бололтой юм. Гэвч үнэндээ “төсвөөр мэргэшинэ” гэдэг нь энэ чиглэлээр суралцаж төгссөн, Сангийн яамны мэргэжилтнүүд болон мэргэшсэн боловсон хүчнийг л хэлнэ шүү дээ.
Мөн УИХ-ын даргын захирамжаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг байгуулж, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаар ахлуулсан юм. Энэ өргөтгөсөн ажлын хэсэгт УИХ дахь намын бүлэг, эвслийн төлөөллүүд орсон. Тэгээд бодлогын асуудлыг ярилцаад шийдэхээр тогтсон. Гэвч Засгийн газар төсвийн төслөө оруулж ирэхгүй хүлээлгэж байгаад, Д.Ганхуяг гишүүнээр ахлуулсан хэсгийг оруулангуутаа өргөтгөсөн ажлын хэсэгт танилцуулалгүй шууд Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн.
МАН, АН-ын бүлгийн дарга нар үгсэн тохиролцож, “бүлэг, эвслийн төлөөлөл оролцсон өргөтгөсөн ажлын хэсгээр хэлэлцүүлэх шаардлагагүй, бүлгээс гаргасан саналууд хамаагүй, хүлээн зөвшөөрч байна” гэсэн юм билээ. Бүлгийн дарга нар ингэж дураараа авирлаж , бүлгийнхээ гишүүдийг үл тоомсорлож , онцгой эрхэд халдаж болохгүй. Шударга ёс эвслийн бүлгээс гаргасан саналуудыг ч үл тоомсорлолоо.
-Шударга ёс эвсэл сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй холбоотой зардлыг хасч болохгүй гэсэн байр суурьтай байх шиг харагдсан?
-Тийм ээ. Төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой зарцуулах ёстой. Эдийн засаг хүндэрч, нөхцөл байдал амаргүй байгааг ойлгож байгаа. Гэхдээ танаж, хэмнэж, тэвчиж болох зардал, хөрөнгө оруулалтыг хасахгүй атлаа ард иргэдийнхээ эрүүл мэнд, үр хүүхдүүдийнхээ боловсрол хүмүүжилд зарцуулахад гар татсанд харамсч байна. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс эмнэлэг, сургууль, цэцэрлэгтэй холбоотой зардал, хөрөнгө оруулалтыг хасахгүй байхыг сануулж, зарчмын санал оруулсан ч дээр хэлсэн шиг хуйвалдан унагалаа.
-Хэмнэлтийн төсөл баталж чадсан уу?
-2016 оны төсөвт нийтдээ 562 төсөл арга хэмжээг 443 тэрбум 557 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвлөжээ. Үүний 390 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд, 209,9 сая төгрөгийг их засварт, 25 тэрбум 747 сая төгрөгийг тоног төхөөрөмжинд , 27 тэрбум 418 сая төгрөгийг ТЭЗҮ-д, зураг төсөлд 51,8 сая төгрөгийг зарцуулахаар тусгасан. Төсвийн алдагдал талийлаа, ирэх жил шинээр ажил эхлүүлэхгүй гээд байсан ч 2016 онд багагүй хэмжээний хөрөнгө төсөвлөж, 31 төсөл, арга хэмжээг шинээр эхлүүлэхээр болов. Энэ бүхнээс харахад “сонгуулиа бодсон, хэмнэлтийн биш төсөв” баталлаа.
Суманд төрийн далбааны өндөрлөг байгуулахад 200 сая төгрөг, сумдын зөөврийн малын хашаанд 1 тэрбум төгрөг гэх мэтчилэн 60 гаруй тэрбум төгрөгийг танах санал оруулж байсан. АСЕАМ-ын чуулга уулзалтад сүүлийн хоёр жилд 280 орчим тэрбум төгрөгийг төсөв, Хөгжлийн банк, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэв. 2016 онд нэмээд 77 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын Аюулгүйн тоног төхөөрөмжийн зардлыг 13 тэрбум 500 сая төгрөгөөр өсгөлөө. Гэтэл эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, зардлыг маш ихээр хасаад оруулаад ирсэн. Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барих хөрөнгийг ч хаслаа.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлөн парламентанд сонгогдож ажиллаж байгаа хүний хувьд тойрогтоо зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг сайн мэднэ. Сонгинохайрхан дүүргийн захын хороодод цэцэрлэгийн хүрэлцээ үнэхээр тааруу. Зарим эцэг, эхчүүд ажлаа хийхийн тулд хүүхдээ гэртээ цоожлоод явж байна шүү дээ. Ажиллаж байгаа цэцэрлэгүүдийн ачаалал нь хэтэрсэн учир хүүхдийн тоог нэмэх боломжгүй. Тиймээс л 2015 онд хоёр цэцэрлэгийн өргөтгөл барихаар болж тендер хүртэл зарласан байсан юм билээ. Төсөв хүндэрлээ гэж танасан ч төсвийн тодотгол юмуу 2016 оны төсөвт тусгана гэсэн. Гэтэл 2016 оны төсөвт Сонгинохайрхан дүүргийн 16 хорооны 113-р цэцэрлэг, 17 хорооны 118 –р цэцэрлэгийн өргөтгөлд зарцуулах нийтдээ 900 гаруй сая төгрөгийг ч тусгасангүй хаслаа. Хүүхдүүдээсээ 900 сая төгрөг харамлаж байгаа атлаа үр ашиг нь тааруухан, өнөө маргаашгүй шийдэхээр хүндэрчихээгүй олон арга хэмжээ, төслийг санхүүжүүлэхээр болж байна.
-Сонгинохайрхан дүүргээс гурван гишүүн төлөөлж ажилладаг шүү дээ. Та бүгд нийлж асуудлаа ойлгуулахын төлөө яваагүй юм уу?
-118-р цэцэрлэгийн өргөтгөл 501.4 сая төгрөг, 113-р цэцэрлэгийн өргөтгөлд 442 сая нийлээд 900 гаруй сая төгрөгийн өртөгтэй. УИХ-ын дарга З.Энхболд Сонгинохайрхан дүүрэг хүн ам олонтой, тулгамдаж байгаа асуудлын нэг учраас хөрөнгийг нэмж тусгах нь зүйтэй гэж дэмжиж байлаа. Шударга ёс эвслийн бүлэг ч гэсэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зардлыг танахгүй гэсэн байр суурьтай байсан учир дэмжиж байсан юм. Гэтэл МАН, АН-ынхан хүүхэдтэй холбоотой энэ асуудалд хүнийрхүү хандаж, хүүхдүүдээсээ харамлаж таналаа. Энэ цэцэрлэгийн өргөтгөл баригдахыг хүлээж байсан олон эцэг эхийн итгэлийг тэд хөсөрдүүлж, бяцхан үрсийн мөрөөдлийг хийсгэлээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сумьяабазар хоёрт энэ асуудлыг биечлэн уулзаж танилцуулсан. Гэтэл тэд үүний төлөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Үг ч дуугарсангүй. Бүлгүүд дээрээ ч энэ асуудлыг дэмжүүлсэнгүй дээ.