“Хэмнэлтийн шоу төгсгөл боллоо”
2016 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлгийн шатанд Засгийн газрын өргөн барьсан төсөв нэлээд өөрчлөгдөж зардал нь 130 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр яригдаж байгаа. Тиймээс энэхүү 130 тэрбумын зардал ямар учраас нэмэгдэж байгааг УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.
-Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад төсвийн зардлыг 130 тэрбум төгрөгөөр нэмэхээр болчихлоо. Энэ нь ямар үндэслэлээр нэмэгдэж байгаа вэ?
-Засгийн газар өөрөө бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах хуулиа татаж авсан. Яамдын тоог цөөлөх, төрийн албан хаагчдын цалинг 10 хувь, өндөр дээд албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулах, сангаа татан буулгах зэрэг саналуудаа татаж авсан. Тиймээс энэ бүх зардал нэмэгдэж байгаа юм. Нийтдээ 110 тэрбум төгрөг. Энэ нэмэгдлийг тэнцүүлэхийн тулд 130 тэрбум төгрөгөөр шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг бууруулсан. Хөрөнгө оруулалтын зардлаас урсгал зардалд шилжсэн гэсэн үг.
-Засгийн газар анх 2016 оны улсын төсвийн төслийг оруулж ирэхдээ зардлаа хэмнэсэн гэж тодотгож байсан. Ер нь хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад төсөв яаж өөрчлөгдөж байна вэ?
-Зардлын хэмжээг бууруулсан гэдэг утгаараа Засгийн газраас оруулж ирсэн үзүүлэлт муудаж байна. Уг нь Засгийн газрын оруулж ирсэн хэмнэлтийг лавшруулах ёстой байсан. Гэтэл бид чадахгүй байна. Амьдрал дээр тэвчиж болох, тэвчиж болохгүй зардал гэж байдаг. Тухайлбал эмнэлгийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг багасгаж болохгүй. Харин хурал зөвлөгөөн, гадаад томилолтыг тэвчиж болно. Бид хямралын үед төсөв баталж байгаа учраас эдийн засагтаа тохирсон төсөв хийх хэрэгтэй. Энэ хямралыг мэдэрч бага ч гэсэн алхам хийх нь дараагийн жилийн ачааллаас хөнгөвчилж өгдөг. Харамсалтай нь зарлагадаа шахагдаад орлогоо хийсвэрээр нэмж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө өндөр тооцоод явж байна. Яг ний нуугүй хэлэхэд өөрөө өөрийгөө хуураад явж байна.
-Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад төсвийн алдагдлын хэмжээ 917 тэрбум буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 3,3 хувьд хүрчихлээ. Энэ алдагдлаа хэрхэн нөхөх вэ?
-Урьд нь 906 тэрбум байсан юм. Сая хэлэлцүүлгийн явцад оруулсан өөрчлөлтүүдийг тусгаад 917 тэрбум болж байна. Яс тооцож үзвэл 11 тэрбум төгрөгөөр нэмэгдчихсэн юм шиг харагдаж байгаа ч алдагдлын хувь хэмжээнд нөлөөлөхгүй. Үүнийг гадаадын зээл, тусламж байвал нөхнө. Хэрэв нөхөж чадахгүй бол дотоодын зах зээлээс зээл авах байх. Ийм л зарчмаар алдагдлаа хаадаг шүү дээ.
-Монголбанкнаас алдагдалгүй төсөв батал гэсэн. Гэтэл алдагдалгүй батална гэхээр хувийн хэвшилд дарамт ирэх юм биш үү. Төсвийн алдагдлаа яаж нөхөх вэ?
-Төсөв алдагдалгүй батална гэдэг чинь одоогийн байгаа зардлаа хорогдуулна гэсэн үг шүү дээ. Энэ нь хувийн хэвшилдээ сөрөг нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл хувийн хэвшлээс авдаг олон үйлчилгээ нь багасна. Тэгэхлээр аливаа үзүүлэлт бол хоёр талдаа нөлөөлдөг. Түүнээс биш зөвхөн нэг талдаа юм уу эсвэл зөвхөн эерэг нөлөөлдөг гэсэн ойлголт байдаггүй. Нөгөө талаас алдагдалгүй батлах боломж байна. Хөрөнгө оруулалтын зардлыг багасгаж, урсгал болон нийгмийн хамгааллын зардлаа хөндөхгүй байх боломж бий. Гэхдээ энэ асуудал дээр засгийн газар санаачилга гаргасангүй.