Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэв
Монгол Улсын 2016 оны төсвийн төслийн талаар Нээлттэй нийгэм форумаас хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр төсвийн орлого бүрдэлтэд тулгарч болох эрсдэл болон, тэвчиж болох зардлын талаар эдийн засагчид олон талын байр суурийг илэрхийлж байлаа.
Уул уурхайн супер цикелийг дагаж тэлсэн төсвийг танах хэрэгтэй гэж шийдвэр гаргагчдын зүгээс хэлж байгаа. Гэсэн ч 2016 оны төсвийн төсөлд тэвчиж болох зардал нэлээд их байна гэж Монгол Улсын Сангийн сайдаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан гавьяат эдийн засагч Э.Бямбажав хэлж байна.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг Сангийн яамнаас 6.9 их наяд төгрөг, зарлагыг 7.8 их наяд төгрөг байхаар оруулж ирсэн. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж ирэх жил орлого талдаа нэлээд эрсдэл үүсэх магадлалтай гэж эдийн засагчид харж байгаа юм.
Эдийн засгийн өсөлт 17 хувьтай байхад төсвийн алдагдал эдийн засагт тийм ч их дарамт болдоггүй байсан. Харин одоо өсөлт 3 хувьтай байгаа. Тэгэхээр алдагдлыг яаж нөхөх нь одоогоор тодорхойгүй байна. Төв банкнаас бол алдагдалгүй төсөв батла гэж зөвлөж байгаа ажээ.