Тавантолгойн 51 хувийг төр эзэмших нь зөв үү?
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн ордыг ашиглах талаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Тэрээр энэ ордыг ашиглах талаар тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын 40 гишүүний гарын үсэгтэй хамт өчигдөр өргөн барьсан юм.
Л.Эрдэнэчимэг гишүүний өргөн барьсан энэ төсөлд олон нийт ямар байр суурьнаас хандаж байгааг тодруулах зорилгоор манай сайт санал асуулга явуулж байна. Харин энэ удаад УИХ-ын зарим гишүүдийн саналыг ч мөн тусгалаа.
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Зарчмын хувьд дэмжинэ. Хяналт тогтоох хэрэгтэй. Харин хөрөнгө оруулалтын чадвар хэр байна вэ гэдэг нь асуудалтай.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Ерөнхийдөө төр ямар нөхцлөөр эзэмших нь чухал асуудал юм. Газар доор байгаа нүүрсээ баялаг гэж ойлгоод, нүүрсээ гаргаж авна гэвэл зардлаа өөрсдөө гаргах болно. Баялгийн үнэ цэнэ бол гаргаж авсан зардалаас шалтгаалдаг. Тиймээс тухайн нөхцөл байдлаас шалтгаална.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Зөв. Ер нь газрын доор байгаа баялаг бол ард түмний мэдэлд байх ёстой. Тэрхүү баялгийг ард түмэн эзэмшихдээ төрөөр дамжуулдаг. Төр энэ асуудалд сайн менежмент хийх нь чухал байгаа юм.
УИХ-ын гишүүн А.Тлейхан:
-Болдог бол 51 хувийг эзэмших нь буруу зүйл биш л дээ. Гэхдээ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Миний сонголт бол хөрөнгө оруулалтын асуудлаас хамаарна.