Б.Батзаяаг саатуулсан асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга тайлбар хийлээ
Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өнгөрөгч баасан гарагт саатуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээлэл хийсэн бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих болсон талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “Тавантолгойн ордтой холбоотойгоор энэхүү асуудал үүссэн бөгөөд цаашдаа ч мөн энэ мэт асуудлууд хөвөрнө гэж би бодож байна. Ер нь 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аар Төмөр замын бодлого батлагдсанаас хойш нарийн царигаар баялгийг зөөх бүлэглэлтэй тулалдсаар байгаад л өдий хүрсэн. Тиймээс энэ мэт хэрэг цаашдаа ч зохион байгуулалттайгаар гарч ирнэ гэж бодож байна. Баялгаас л болж асуудал үүсдэг. Баялгийг хэн барьж эрх мэдэлд удаан суух асуудал дээр л тэмцэл болж байна” гэсэн юм.
Энэ талаар нэмэлт тайлбар хүссэн сэтгүүлчийн асуултанд тэрээр “Б.Батзаяа бол зарчимтай хүн, А.Гансүх хуульч хүн. Зарчимтай хүмүүсээс янз бүрийн асуудал гарахгүй гэж бодож байна. Мөрдөн байцаалтын явцад янз бүрийн мэдээлэл хийх нь нөгөө хүмүүстээ хор болчих болов уу гэж болгоомжилж байна” гэсэн юм.
Б.Батзаяаг одоогийн байдлаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд түүнийг ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ЗТЯ-ны төрийн нарийн бичгийг даргын ажлаас нь чөлөөлж байсан билээ.