Зөвшилцөл биш “завшилцал”-ын Үндэсний хороо болоод байна гэв
“Бид хамтдаа” үндэсний форумын гурав дахь өдөр “Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд” сэдвийн дор үргэлжилж байна.
Уг сэдвээр салбар бүрийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, иргэдийн төлөөлөл 800 хүн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Хэлэлцүүлэгт
“Нийгмийн бодлого – тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл” сэдвээр Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг,
“Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал: Шийдэл” сэдвээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,
“Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал: Шийдэл” сэдвээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар тус тус мэдээлэл хийсэн юм.
Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг талаар тавьсан тэдний илтгэлийн ач холбогдлын талаар форумд оролцогч Д.Түвшинтөрөөс сэтгэгдлийг нь сонсоход,
-Үндэсний форумд Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчид санал бодлоо илэрхийлсэн нь сайшаалтай. Асуудал байгаа нь тэднээр хэлүүлэлтгүй ойлгомжтой л доо. Хамгийн гол гарц шийдлийн талаар дорвитой зүйлийг тэр хоёр дуугарсангүй. Ажилтны нийгмийн баталгааг сайжруулах талаар юу хийх юм, ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх ямар гарц байгаа талаар түлхүү ярьсан бол илүү үр дүнтэй байх байсан болов уу.
Өмнө нь энэ хоёр байгууллага идэвхтэй ажиллаж Засгийн газарт шахалт үзүүлж байсны үр дүнд цалин хөлс, ажлын байр тодорхой хугацаанд тогтмол нэмэгдэж байсан. Уг нь Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоог Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хороо гэдэг. Ижил тэгш тэнцүү эрхтэйгээр зөвшилцөл хийж, нийгмийн асуудлыг шийдвэрлэж байх учиртай. Гэтэл одоо энэ хоёр байгууллага нь Засгийн газрынхаа хармаанд орчихоод байгаа нь нууц биш. Ингэхээр зөвшилцөл биш “завшилцалын” Үндэсний хороо болоод байгаа юм.
Цалин хөлс муутай болохоор ажлын байр эзгүйрнэ, ажиллах хүн нь байхгүй болохоор аж ахуйн нэгж нь хаалгаа барина. Үр дүн нь ард олон, ажил олгогч нарт л хүндээр тусаж байгаа юм гэлээ.