Ч.Сайханбилэг VS Г.Уянга

2015 оны 10 сарын 22

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болсон. УИХ-ын 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөлд тусгасан үндэслэлийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа уншиж танилцуулав. Дараа нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.

 

Ингээд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар огцров. Дараа нь АН-ын ҮЗХ хуралдаж, Ерөнхий сайдын албан тушаалд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг нэр дэвшүүлэхэд Ч.Сайханбилэг 12 санал илүү авсан юм. 

Үүнийг нуршихын учир нь одоогоос 11 сарын өмнө болж өнгөрсөн энэ бүх үйл явц УИХ-ын чуулганы  танхимд дахин давтагтаж магадгүй болоод байна.

Учир нь УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл өргөн барихаар зэхэж эхлэв. Үүний тулд УИХ-ын 19 гишүүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой. Одоогоор чухам хэн хэн огцруулах төсөлд гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна.

ЯАГААД Г.УЯНГА ГИШҮҮН ГЭЖ…  

Уг нь бол одоогийн Засгийн газрыг АН болон “Шударга ёс” эвсэл хамтран байгуулалцсан. Энэ эвсэлд Г.Уянга гишүүний харьяалагддаг МҮАН ч багтдаг. Гэвч шинэ Засгийн газар дөнгөж байгуулагдангуут О.Баасанхүү гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг, харин Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг огцруулах оролдлогууд хийж байна. Ингэж “том толгой” гаргасан тэд бүлгийн даргынхаа эсрэг ч дуугараад амжсан.

Г.Уянга гишүүний хувьд одоогийн Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын даргад угаас удаан хугацааны турш “харшилтай”. Оюутолгойн гэрээг байгуулахдаа авлига авсан гэж С.Баярцогт сайдыг байнга цоллодог. Энэ үндэслэлээр тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баярын эсрэг хавтаст хэрэг нээх хүсэлт гаргасан ч талаар болсон юм.       

Энэ удаад тэрээр Дубайд Рио Тинтогийн удирдлагуудтай нууцаар гэрээ байгуулсан зэрэг Оюутолгой компанитай холбоотой үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулахаар оролдож байна. “Оюутолгой” компани Монголын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээ  зөрчин, 4.4 тэрбум ам.доллараар (9 их наяд төгрөг) зардлаа хэтрүүлснийг хүлээн зөвшөөрсөнд Ерөнхий сайд болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагыг буруутгадаг. Бидний нэг жилийн төсвийн орлогоос 1.5 дахин мөнгийг гадныханд зүгээр өгсөн гэж тэрээр үздэг юм.

Сургуульгүй, цэцэрлэггүй хүүхдүүд, хорт хавдрын өвчтөнүүдээ ойлгохгүй хэрнээ Рио Тинтог маш сайн ойлгож, яах аргагүй зардал нь хэтэрчээ гээд толгой дохин суугаад тэрээр Да.Ганболд даргад ч бухимдсан. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  “Та цэвэр улс төр хийж байна. 4. 4 тэрбум ам.доллар биш 1.4 тэрбумын зөрчил илрүүлсэн” гэж тайлбарладаг юм. 

Мөн сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ч.Сайханбилэгт өөрийн толгой байна уу, сайхан бие л байна уу?” гэх мэтээр Ерөнхий сайд руу давшлах боллоо. Тэгэхээр түүнийг Засгийн газрын тэргүүнийг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурж дээ гэж хардахаар байна.

СУ.БАТБОЛД: ОГЦРУУЛЖ ЧАДВАЛ ҮНЭХЭЭР ТОМ АМЖИЛТ БОЛНО

Энэ сарын 20-нд Тусгаар тогтнолын ордонд нийслэлийн МАН-ын үүрийн дарга нар сургалтад сууцгаав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд “Одооогоор УИХ-ын 16 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсгээ зурсан. Дахин гурван гишүүний гарын үсэг дутуу.

АН эсвэл “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс гарын үсэг зурчихвал тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барина. Хэрэв бид үнэхээр Ерөнхий сайдыг огцруулж чадвал маш том амжилт болно. Үгүй бол бидний хийсэн нэг удаагийн эсэргүүцэл болоод л өнгөрнө” гэж ярив.

Тэгэхээр сөрөг хүчин Г.Уянга гишүүнтэй нийлээд гүйцэтгэх Засгийн тэргүүнийг “намнах” ажилдаа хэдийнэ оржээ. МАН УИХ-д 26 суудалтай. Одоогоор тогтоолын төсөлд 16 гишүүн гарын үсэг зурсан гэхээр МАН-ын бүлгээс засаг унагаахыг эсэргүүцсэн олон гишүүн байна гэсэн үг. Ийм шалтгаанаар л Су.Батболд дарга АН болон эвслээс хамсаатан хайж байгаа биз.     

УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь буюу 19 гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах төсөлд гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрддэг. Хэрэв дахин гурван гишүүн Г.Уянга гишүүнийг дэмжвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ.

Чуулганаар хэлэлцээд өмнөх Ерөнхий сайдад тохиолдсон шиг зүйл болохгүй гэх аргагүй. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан өнөө үед цагаа олсон үйл явдал мөн эсэх нь эргэлзээтэй.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25939
0 эможи
keyboard_arrow_up