Ч.Хүрэлбаатар: Та нар Тавантолгойг явуулж чадахгүй, би басч байна

2015 оны 10 сарын 16

УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм.

 

Төсвийн орлого тасарч, байдал хүнд байгаа тул Монгол Улс Олон улсын валютын сантай хамтран ажиллах ёстой. Стэнд бай хөтөлбөрт хамрагдах ёстой, хэмнэлтийн горимд хүчээр орохгүй бол хэцүүднэ гэж УИХ дахь МАН-ын гишүүд үзэж байна. Харин Сангийн сайд Б.Болор ОУВС-тай бид хамтарч ажиллаж байгаа, уулзалтууд зохион байгуулсан гэв.

Энэ оны төсвийг хоёр дахь удаа тодотгож байгааг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Ичиж үхмээр юм” гэж тодорхойлов.  Мөн тэрээр жил бүр л алдагдалтай төсвийн төсөл боловсруулдаг Сангийн яамныхан гандангийн зурхайч ламаа соль гэж тохуурхав. Сангийн сайд ч дуугүй байсангүй, та нар өөрсдөө ламд  очдог юм уу гэж хариу барилаа.  

Ирэх оны төсвийн орлого 6.9 тэрбум төгрөг байна гэж Сангийн яам үзсэн. Ийнхүү энэ оныхоос өссөнийг сөрөг хүчин шүүмжиллээ. Хэрэв орлого үнэхээр өсөх бол цалингаа хамгийн түрүүнд нэм гэсэн санал гаргасан юм.

Мөн тэд Сангийн сайдаас төрийн албаны тансаглалд ямар хариуцлага тооцсон бэ гэж асууж байв. Учир нь төрийн байгууллагуудын шилэн дансыг шүүхэд шаардлагагүй зардал их байсан гэсэн юм. Жишээ нь нийслэл, дүүргийн хэмжээнд нийт 33 орлогч ажиллаж байна гэж Я.Содбаатар гишүүн мэдээллээ. 

Сангийн яамнаас боловсруулсан төсвийн төсөлд орлого зарлагыг 2016 онд өсгөөд 2017 онд бууруулжээ. Үүнийг МАН-ын гишүүд сонгуульд зориулсан төсөв гэж хардаж байна. “Иргэд сонгох хүнээ өөрөө сонгочихно. Сонгуульд мөнгө зарах шаардлагагүй” гэж тэд үзлээ.

Ирэх оны төсвийн орлого 6.1 их наяд, зарлага 7.3 их наяд төгрөг байхаар тооцжээ.

Харин Б.Болор сайд ирэх оны урсгал зардлыг 900 тэрбум төгрөгөөр бууруулснаа онцолж, ирэх онд олон ажил хийх тул зарлага нь орлогоос өндөр байгаа гээд өнгөрсөн жил төсөөлснөөс энэ оны зардлыг бууруулж оруулж ирсэн гэсэн юм.

МАН-ын гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн бас нэг зүйл нь төсөв хэлэлцэхэд АН-аас цөөн тооны гишүүн, Засгийн газраас бүр бага буюу хоёрхон сайд байгааг (Б.Болор, М.Зоригт) шүүмжлэн, Та нар ингэж хандаж болохгүй гэсэн юм.

Ирэх жил ДНБ-ий өсөлтийг 4.1 хувь байна гэж Сангийн яам тооцоолжээ. Энэ он гарснаар ДНБ-ий өсөлт 3 хувь байгаа юм. Харин Ч.Хүрэлбаатар гишүүн “Ирэх онд байдал улам хүндэрнэ. Тавантолгойг та нар явуулж чадахгүй. Би амыг чинь асууж, басч байна. Ирэх оны төсвийн орлого төлөвлөлт дутуу, буруу байна” гэсэн юм.

Энэ онд төсвийн алдагдал 5, ирэх онд 3 хувь байх төслийг Засгийн газраас оруулсан. Үүнийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон МАН-ын гишүүд хүчтэй эсэргүүцлээ. Засгийн газар төслийн алдагдлаа тэглэх эрмэлзэлтэй байж, бодлогын алдаагаа өнөөдөр л засъя, хэрэв үүнийг хийж чадвал Б.Болор сайд түүхэнд нэрээ үлдээнэ гэх гишүүн ч байв.  

Харин Б.Болор сайд “Төсвийн алдадал 2009 оноос эхлэлтэй. Үүнээс хойш бид бонд гаргаж, нөхөж ирлээ. Зарлага 8 их наяд байсныг харин ч танасан.  Энэ жил төвийн алдагдал өмнө байгаагүйгээр буурсан" гэдэг хариулт өглөө.     

Ингээд санал хурааснаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр 2016 оны төсвийн төслийг Төсвийн байнгын хороо руу шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25799
0 эможи
keyboard_arrow_up