Б.Гарамгайбаатараас “угшилтай” “Монроуд” компанийг дахин шалгаж эхэллээ

2015 оны 10 сарын 15

Өнгөрсөн оны долдугаар сард Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны удирдлагуудыг Засгийн газрыг хууран мэхэлж их хэмжээний мөнгө завшсан хэмээн хуулийнхан хэлж байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-нд Хөгжлийн банкны албан тушаалтнууд “Халзан бүргэдээс Солонготын даваа” чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байгаа хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан аж. Ингэхдээ нэмээд 46.3 тэрбум төгрөг гаргуулж тус компанид шилжүүлэн өгчээ.

Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс энэ ажлыг түүний тусламжтайгаар “Монроуд” компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй гэж хуулийнхан хардаж байгаа юм.

Тиймээс дээрх асуудал нь сэжиг бүхий үйлдэл байсан учраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон дээрх хоёр төсөлд хөрөнгө оруулалт хийх асуудлыг хариуцан ажилласан нэр бүхий албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат ийнхүү мэдээлж байсан юм. Тэгвэл мартагдах шахсан хэргүүдийн тоонд орж дуулиан тариад байсан энэхүү хэргийг өнгөрсөн даваа гарагаас эхэлж АТГ-аас дахин шалгаж эрүүгийн хэрэг үүсгээд байна.

Ямартай ч одоогоор тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар хэрэг үүсгэсэн байна. Уг зүйл ангид /263.2-т/ төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин /150.3-т/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, гэж заажээ.

“Их Монгол нэгдэл” ТББ анх энэ хэргийн талаар мэдээлэл өгч байжээ. Хамгийн анх залилангийн шинжтэй энэ гэмт үйлдлийг “Их Монгол нэгдэл” төрийн бус байгууллага АТГ-т мэдэгдэж тэдний өгсөн мэдээллийн дагуу АТГ, Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ. Хэрвээ уншигчид санаж байгаа бол тухайн үед Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан гэх дуулиан уг хэрэгтэй холбоотой байсан аж. Ямартай ч асуудал болоод байгаа замын ажлыг анх БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхлээд байсан аж. Тухайн үед замын төсөвт өртгийг 20 тэрбум төгрөг байхаар гэрээ байгуулжээ.

Ингээд тус компани замын ажлын 38 хувийг зассаны дараа тодорхой шалтгааны улмаас ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан аж. Ингээд энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэн гүйцэтгэх асуудлыг УИХ-аар хэлэлцээд 2012 оны төсөвт суулгажээ. Үүний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуучнаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Халзан бүргэдэй-Солонготын даваа” чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулжээ. Уг шал­­гаруултад “Монроуд” компани 37.2 тэрбум төг­­рөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтой тухайгаа мэдэгдсэн аж. Ингээд тэдний ирүүлсэн тендерийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтийг авч “Халзан бүргэдэй-Солонготын даваа” чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь энэ. Ямартай ч тухайн үед болсон асуудал гэвэл ердөө л дээрх үйл явдлууд. Хамгийн гол нь цаг хугацаагаар нь хөөгөөд үзвэл тухайн үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд уг байнгын хороогоор хэлэлцэгдэж байсан юм. Тиймээс л түүнийг албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэх болсон аж. Ямартай ч 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн уг замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутган тус компанийн удирд­­лагуудыг шалгаж эхэллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарам­гайбаатар “Монроуд” компанийг бусдад шилжүүлсэн гэж ярьдаг ч ХОМ-тээ “Монроуд”-ын ногдол ашгийг 100 хувь эзэмшдэг гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл мань хүний хэлж байгаа ХОМ-тээ тэмдэглэсэн хоёр нь зөрж байгаа. Тэгэхээр чухам аль нь үнэн, зөв эсэхийг АТГ-аас шалгаж, асуудлыг шийдвэрлэх бололтой.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25776
0 эможи
keyboard_arrow_up