Төрийн банкийг хувьчилж 75 тэрбумыг олно

2015 оны 10 сарын 14

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдар болж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 3.3 хувь, 2017 онд 0 хувьтай байхаар тус бүр заасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Төрийн банкны хувьчлалаас хэдэн төгрөг олох, Эдийн засгийн ил тод байдлын хангах тухай хуулийн хүрээнд хэчнээн төгрөгийг татварт төвлөрүүлэхээр тооцов гэдгийг тодрууллаа.

Сангийн сайд Б.Болорын хариултаар бол Төрийн банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон бол Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хүрээнд 100 гаруй тэрбум төгрөг татварт төвлөрүүлнэ гэж тооцжээ.

Энэ үеэр хөндөгдсөн чухал асуудал нь зээлийн төлбөр, зээлийн үйлчилгээний төлбөр ирэх онд дарамт учруулах төвшинд хүрэхийг анхаруулсан явдал байлаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тооцсоноор ирэх онд Монгол Улс төсвийнхөө орлогын 63 хувийг зөвхөн зээлийн хүү, зээлийн хүүгийн үйлчилгээний төлбөрт өгөх нөхцөл байдал үүссэн тул төсвийн алдагдлыг 0 хувьтай батлах ёстой гэж үзэв. Үүний тулд төр данхгар бүтцээсээ салж, Засгийн газар 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлж 9 яамтайгаар ажиллах.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Хэдий үед зээлийн төлбөр өсөв гэдгийг Сангийн яам тодорхой гаргаж ирье. Гэхдээ зээлийн цаана асар том бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнийг бас санах ёстой. Цалинг бууруулахыг дэмжихгүй. Хямралтай үед иргэдийн орлого багасвал худалдан авалт буурна. Тэр чинээгээр хувийн хэвшил хүнд байдалд орно. Хэдий ирэх онд нөхцөл байдал амаргүй байх ч ахмад настнуудын тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэх талд ажиллах ёстой. Энэ асуудлаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төрийн банк ямар хариуцлагагүй ажилласныг та бид бүгдээрээ мэднэ. Тэрхүү хариуцлагаас зугатаалгахын тулд хувьчлах замаар анхаарлаас холдуулах гэж байгаа бол энэ буруу. Хоёрт, төсвийг хэр тэнцвэртэй хуваарилж байна вэ гээд үзвэл орлого иргэдэд очихгүй байна. Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллах байтал зургаан орлогчтой байна. УИХ-аас өнгөрсөн жил хууль баталсан. Харамсалтай нь, хэрэгжээгүй. Ийм байж бид иргэнээсээ хууль хэрэгжүүл гэж яаж шаардах болж байна вэ” гэсэн байр суурийг тус бүр илэрхийлж, энэхүү асуудлыг чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Дээрх хуулийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хүү багатайгаар байршуулж 2 хувийг хувьдаа завшсаар олон тэрбум төгрөгт хүрсэн гэдэг гомдол ирсэн. Энэ асуудлаар Төсвийн байнгын хороо, Сангийн яам шалгалт хийх ёстой гэсэн асуудлыг хөндлөө.

Сангийн сайд Б.Болорын зүгээс энэ талаар мэдэх юм алга, 2 хувь авдаг бол зарлаад явах ёстой гэсэн юм. Эл асуудлыг хэлэлцэж дуусган, чуулган руу шилжүүлсний дараа Засгийн газрын бүтцийн төслийг хэлэлцлээ.

Эдийн засаг хүнд байгаатай холбогдуулж, Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж есөн яамтай ажиллах асуудлыг тавьсан юм. Мөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж зарим агентлагууд нэгдэж, зарим нь татан буугдана. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Үндэсний орлогын газар гэж байгуулаад, татвар, гааль хоёрыг нэгтгэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл цуглуулдаг хүмүүсийг нэгтгэвэл ямар вэ? Орлого цуглуулдаг байгууллагуудыг нэгтгэж, татвараас зугтаадаг хүмүүсийг илчилье гэж байгаа бол нийгмийн даатгал цуглуулдаг албыг нэгтгэх хэрэгтэй. Юм хийвэл гүйцэт хийх хэрэгтэй. Тендэрийн байгууллагыг татан буулгаад яамдад хуваарилахаар болж. Хэрвээ сайд нар тендэртэй болбол хүссэн хүсээгүй асуудал нэмэгдэнэ. Энэ нь том ухралт болно. Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулаад Үндэсний статистикийн хороог Засгийн газрын дэргэд аваачих нь буруу. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж мөрдүүлэх хэрэгтэй” гэлээ.

Үүнд Сангийн сайд Б.Болор “Үндэсний орлогын газрыг байгуулах нь олон улсад ч байдаг жишиг. Нийгмийн даатгалын газрын хувьд тусдаа хуультай учраас энэ удаад өөрчлөөгүй. Худалдан авах агентлаг сүүлийн 3 жилийн хугацаанд яамдтай уялдаа муутай ажиллаж ирлээ. Энэ агентлаг өнөөгийн хямралтай үед ажиллаад байх шаардлагагүй гэж үзсэн. Үндэсний статистикийн хорооны хувьд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвтэй нийлүүлэхээр болсон. Эрүүл мэндийн даатгалын тухайд шинэ хуулиар цоо шинэ агентлаг байгуулагдан явахаар заасан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ Засгийн газарт өөрийн эрх мэдлээсээ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах босгыг зааж өгсөн. Энэ дагуу нефтийн бүтээгдэхүүний Гаалтын албан татварыг нэмж байна. Уг нь энэ эрхийг ямар зорилгоор өгсөн гэвэл өргөн хэрэглээний барааны үнэ өсгөхөөс сэргийлж, татварын хувь хэмжээг тогтоох эрх өгсөн. Гэтэл та нар өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ өсгөх бодлого оруулж ирлээ. Хувийн хэвшлийг дэмжинэ гээд байгаа хэрнээ татвараа нэмж байгаа нь ямар учиртай вэ? Онцгой албан татварыг тэглэвэл шатахууны үнэ ч багасана. Гэтэл та нар унагаах бодлого явуулаад байна. Эрчим хүчний салбарт татаас өгч байгаа. Энэ татаасыг чөлөөлчих хэрэгтэй. Төрийн энэ зохицуулалтаас болоод үнэ өсөөд байна” гэлээ.

Үүнд Сангийн сайд Б.Болор “Зах зээлийн зарчмаар явдаг болъё гэдэгтэй санал нэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл явж ирсэн зарчмаасаа шууд татгалзах асуудалтай. Аажимдаа гарах хэрэгтэй юм. Нөхцөл байдал хүнд үед нефть импортлогчид үнээ буулгах бодлого барихгүй байна. Тиймээс бид татвар нэмэх бодлого барьсан” гэсэн хариулт өгсөн юм.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцээд дэмжлээ. Экспортын орлого буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассанаас татварын орлого тасарч энэ оны сүүлд 1 их наяд төгрөгт хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газар энэ оны төсөвт тодотгол оруулахаар өргөн мэдүүлсэн юм.

Төсвийн тодотголтой холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Энэ жил улс орны эдийн засгийн хөцөл байдал муудахад гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн тухай ярьж байна. Жишээ нь, зэс 19.8 хувийн өсөлттэй тухай тайлбарлаж байна. Гэтэл оруулж ирсэн төсөв, ярьж байгаа зүйл зөрүүтэй байна. Бодит байдал дээрээ тоогоо үнэн оруулж ирэх шаардлага байсан. ДНБ-ийн бодит өсөлт 4.1 хувьд хүрч чадахгүй байлгүй дээ. Бодитой тооцож оруулж ирье. Б.Болор сайд өмнө нь Төсвийн байнгын хорооны дарга байсан хүн, сайн мэдэж байгаа. Төсвийн тодотгол хийхэд бодит өсөлтөө 7.1 хувь гэж тавиад буулгаж байсан. 4.1 хувь гэж байгаа нь  эдийн засаг хямарчихсан үед бодит тоо биш. Тоо бүхэн үнэн байх ёстой гэж яриад эсрэгээр нь баталдаг. Дараа нь бухимдал үүсгэдэг, маш олон арга хэмжээг зохицуулж чадахгүй тодотгол хийе болдог. Энийгээ засч залруулах ёстой. Эдийн засгийн ухагдахууныг ярихад улстөржих, намчирхах талцах, хуваагдах  шаардлага байхгүй. Хөгжлийн концепцгүй явж байгаа олон алдаа нь ард түмнийг хохироож байгаа гэдэгтэй эвлэрэх цаг нь болсон.  Сайн дураараа жагсаалт гаргаад орж ирж байгаа байдал улс орноо сөхрүүлж, эдийн засгаа унагааж байгаа гэдэг үнэнтэй эвлэрэх цаг болсон. Оруулж ирсэн хэрэглээний үнийн индекс, тэнжвэрүүлсэн орлогоо эргэж хяна. Үнэхээр боломж байгаа гэдэг өөдрөг төсөөлөлтэй байгаа юм бол ядаж орлого багатай иргэдийнхээ тэтгэврийг нэмэхээр оруулж ирж болсонгүй юу. Ийм өөдрөг төсөөлөл багтаж байгаа юм бол цалин нэмэхгүй, яагаад хасъя гэж оруулж ирж байгаа юм. Яагаад ийм олон хүнийг ажлаас халахаар оруулж ирсэн юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе гэж байгаа юм бол үнэнээ ард түмэндээ зарлаж хэлэх ёстой юм биш үү? .

Сангийн сайд Б.Болор “2015 онд орлогоо 7.2 их наяд төгрөгөөр төсөөлж хэд, хэдэн том ажил хийхээр оруулж ирсэн. Зарлагын хувьд данхгар бүтэц, төрийн албан хаагчийн тоо замаа алдлаа гэж ярьж байсан. Төсвөө эрүүлжүүлье гэдэг зорилго барьсан. 700 гаруй тэрбум төгрөгөөр зарлага багасна, үүний үр дүнд 2017 онд төсвийн алдагдал 0 болно. Сонгууль болох гэж байгаа гээд эдийн засгаа алж болохгүй.

Өөдрөг тоо бүтэхгүй тоо. 2008 онд хямрал болж, 2009 онд эдийн засаг сайжирч байсан түүх бий. Томоохон төслүүдээ улс орондоо ашигтайгаар хийгээд явсан нөхцөлд эдийн засаг сэргэдэг. Энэ боломжийг эрэлхийлье. хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа сэргээе энэний төлөө ажиллая гэсэн. Энэ тоог хэт өөдрөг гэж үзэхүй байгаа. 2009 оноос хойш алдагдалтай төсөв баталж ирсэн, алдагдлаа нөхөхийн тулд хувийн хэвшилдээ орох мөнгийг төсөв нь идсэн.

Цалин нэмэх бүрийд инфляци өссөн. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хасахгүй, улс төрийн болон төрийн захиргааны албан тушаалтны цалинг буулгая гэсэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед маш олон орон ийм арга хэмжээ авсан. Эдийн засаг сайжирсан нөхцөлд цалинг нэмж болно.

Гишүүд саналаа хэлэх үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Цалинг хасах гэж оруулж ирсэн саналаа эргэж хараач ээ. Төрийн албан хаагчдын цалин амьжиргаандаа хүрэлцдэггүй. Төрийн өндөр албан тушаалтан гэхээр өндөр цалин авдаг юм шиг ойлгуулаад байна. Хувийн хэвшлийн менежэрийн авдаг цалинг, төрийн өндөр албан тушаалтан авдаг. Цалингаараа амьдрах хэрэгтэй, авлигалаас ангид байх ёстой гэдэг. Төрийн албан хаагчдын цалин 500-700 мянган төгрөг, үүнийгээ 10 хувь бууруулах тухай оруулж ирж байгаа чинь маш зарчимгүй санал буруу.

Төгрөгийн валюттай харилцах ханшийг буруу тооцоолж оруулж ирж будилуулдаг нь хувийн хэвшилд дарамт учруулсаар ирсэн. Хоёр жилийн өмнө УИХ-аар 2014 оны төсөв хэлэлцэж байхад 1 ам.доллар 1700 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгэхэд 1 ам.доллар 1384 төгрөг байна гэж тооцож төсөвт суулгасан. 2014 онд 1 ам.доллар 1950 төгрөг хүрчихсэн байхад төсөвт 1750 төгрөг байна гэж тооцож оруулж ирж байсан. Төсвийн үнэн зөв байдал алдагдаад хувийн хэвшилд нөлөөлдөг.

Зарласан тендэрт нь аж ахуйн нэгж оролцохгүй байгаа тухай Худалдан авах ажиллагааны газрынхан ярьж байгаа. Хуулиа биелүүлж хэрэгжүүлэхийн төлөө Сангийн сайд нь ажиллаж сураасай. Хөрөнгө оруулалт дээр тавигдсан мөнгийг дураараа хасдаг, аль нэг албан тушаалтай хүнийг дагуулж хөрөнгө оруулалт тавьдаг арчаагүй байдал даамжирсаар байна. Завхан аймгийн Загастайн давааны замыг засах ажил бол ард түмэн нь аймагтайгаа холбох хамгийн хүнд зам. Төсвийн тодотголоор энэ замын төсвийг хасаад оруулаад ирлээ. Хүн тээвэр ачаа тээвэр нь тэр даваагаар давдаг.

Энэнд туйлын харамсалтай  байна. 67 км Загастайн давааны хөрөнгийг үлдэгдлийг төсвийн тодотголд тавьж өгөөч ээ. Иймэрхүү бодлогын шинж чанартай асуудлаа эрэмбэлж сураач ээ. Завханы ард түмнээс удаа дараа сонгогдсон гишүүний хувьд би өртэй. Энэ алдаагаа засаж өгөөч гэж гуйж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25737
0 эможи
keyboard_arrow_up