Г.Буяндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Баттулгын ялыг хөнгөрүүлжээ

2015 оны 9 сарын 30

Сүүлийн хоёр гурван жил Г.Буяндоржийн гэх хэрэг чих дэлсэж байгаа билээ. Залилсан, залилуулсан гэх хоёр өөр чиг хандлага зэрэгцээд  явдаг учир тодорхойгүй хэрэг л дээ. Харин саяхан Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Г.Буяндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэрбээр суллагджээ.  Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр  “Прокуророос Г.Буяндорж нь бусадтай бүлэглэн иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан, бусдыг онц хүнд хэрэгт холбогдуулан гүтгэснээс хүнд хор уршиг учирсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Г.Буяндоржийн хувьд дээрх хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял тус тус оногдуулж, 6 сар баривчлах ялын зарим буюу 3 сар баривчлах ялыг 3 жил хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоосон.

Давж заалдах шатны шүүх Г.Буяндоржид холбогдох хэргээс “бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэснээс хүнд хор уршиг учирсан” гэх үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Учир нь Г.Буяндорж нь бусдад залилуулсан тухай өргөдлийг цагдаагийн байгууллагад гаргасан. Цагдаагийн байгууллага уг гомдол, мэдээллийг хянан үзэж, зохих шалгалт явуулсны үр дүнд сэжиглэх хангалттай үндэслэл байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, сэжигтнийг цагдан хорьж шалгасан. Мөрдөн байцаалтыг явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байдаг.

Дээрх үйл явдалд Г.Буяндоржийг залилуулсан хэмээн өргөдөл гаргаж бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэж буруутгаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн Монгол Улсын иргэний эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзсэн.

Харин “бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлтэй учир энэ зүйл, хэсэгт заасан хамгийн хүнд төрлийн ял болох баривчлах ялыг оногдуулсан бөгөөд түүний цагдан хоригдсон нийт хоног нь шүүхээс оноосон баривчлах ялтай дүйцсэн учраас ял эдэлсэнд тооцож шүүх хуралдааны танхимаас сулласан” гэх тайлбарг  өгчээ.

Түүнэчлэнэ нэ хэрэгт  нэр холбогдон буруутгагдаад байсан  сэтгүүлч С.Баттулгын хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг нь харгалзан үзэж торгох ялыг хөнгөрүүлсэн, бусад шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг зөвтгөж  шийдвэрлэсэн байна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25573
0 эможи
keyboard_arrow_up