Ерөнхий сайд Дархан-Уулаас болж огцрох уу?
Хааны алба халаатай, эзний суудал ээлжтэй гэдэг. Саяхан Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) хуралдаж Засаг дарга С.Насанбатыг огцруулах шийдвэрийг гаргасан билээ. Огцруулах болсон шалтгаан нь ч учиртай. Төрийн албыг нэр төртэй гүйцэлдүүлж чадаагүй түүнийг Дархан-Уул аймгийг олигтойхон удирдаагүй хэрнээ эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт андуурч олон луйвар, тендэр зэргийг будлиантуулж явсныг Дарханчууд мэднэ. Хууль бус замын тендэр, төсвийн мөнгөөр хувьдаа орон сууц авсан асуудал, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгуй өгсөн өч төчнөөн га газар гээд саяхныг хүртэл С.Насанбатын талаар нэлээд олон таагүй мэдээлэл хэвлэлийн хуудсавд хадаастай явсан. Арай гэж нэг задарсан "засаг ноёноо" огцруулсан Дархан-Уул аймгийн МАН-ын гишүүд А-Энхболдыг тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэвшүүлэн ИТХ Засаг даргаар сонгож, Ерөнхий сайд батламжлаад удаагүй байна.
Эл үйл явдлын дараахан УИХ-ын гишүүн Д. Хаянхярваа гэнэт "нойрноос сэрсэн" мэт аашилж Засгийн газрын ажлыг шүүмжлээд эхлэв. Өмнө нь энэ талаар огт дурсдаггүй байсан эрхэм гишүүн юуны учир бухимдаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газраар оролдох болов гэдэг нь сонин. Орон нутгийн Засаг даргыг Ерөнхий сайд батламжилдаг хуультай. Тиймээс л тэрбээр өөрийнх нь "халаасны хүн", "өв залгамжлагч" гэгддэг С.Насанбатыг огцруулан МАН-ын өөр нэг гишүүнийг засаг даргаар батламжилсанд шаралхаж, ичсэн хүн хүн ална гэгчийн үлгэрээр Засгийн газрын үйл ажиллагааг болж бүтэхгүйгээр нь дуудаж хэвлэлээр нэг яриад эхлэх нь тэр.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн барихаар өнгөрсөн сараас эхлэн УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулсаар байгаа билээ. Уг тогтоолын төслийг дэмжиж гарын үсэг зурна гэдгээ Д.Хаянхярваа гишүүн твиттер хуудсаараа дамжуулан "Би биш, бид зурна" гэж мэдэгдлээ. Мөн твиттертээ, "Төрийн албаны ажлыг хүч хэрэглэн авдаг жишиг тогтож байна. Одоо аймгуудад ийм маягаар Хурлын дарга Засаг даргын албыг булаан авч болох юм байна" гэж жиргэсэн нь засгаар яах гэж оролдож эхэлснийг бэлхэн гэрчилнэ. Уг нь намаа бодсон бол Д.Хаянхярваа гишүүн МАН-аас батламжилсан МАН-ын гишүүн, шинэ Засаг даргыг үг дуугүй л хүлээн зөвшөөрмөөр, гэтэл эсрэгээр бүр нэг аймгийн Засаг дарга, өөрийнх нь тавьсан "утсан хүүхэлдэй" огцорсны төлөө бүхэл бүтэл Монгол Улсын Засгийн газраар оролдож эхэллээ. Улс орны эрх ашиг, төр засгийн тогтвортой байдал чухал болоод буй энэ цаг үед ийн авирлах нь нь хэр зохистой бол.
Д.Хаянхярваа гишүүн өмнө нь Дархан-Уул аймгийн Засаг даргаар 12 жил ажиллаж халаагаа өгөхдөө өөрийн орны хүнийг томилж, өнөөг хүртэл Дарханыг өөрийн "вант улс" мэтээр сэтгэж ирсэн. Өнөөг хүртэл аалзны тор мэт хэрэн сүлжиж байсан эрхэм гишүүний 29 жилийн хаанчлал цаашид үргэлжлэх боломжгүй болсонд хорсч, гомддоо ийнхүү тайлж эхэлжээ.