У.Хүрэлсүх: Би өргөсөн тангарагтаа үнэнч явна
МАН-ын гишүүн У.Хүрэлсүхийг намаасаа гарах нь гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр цацагдах болсон. Энэ асуудлаар түүнээс тодруулга авсан юм.
-Сүүлийн үед МАН дотроо эв нэгдэлгүй хагарч байна, МАН-ын дарга М.Энхболд та хоёрыг ойлголцохоо больсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр их бичих боллоо. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Ардын намыг эв түнжингүй байгаасай, хагарч бутраасай гэж хүсч мөрөөдөж буй зарим хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тэдний хүссэнээр Ардын нам хагарч бутраад байдаг улстөрийн хүчин биш. Энэ нам олон бэрхшээл, сорилтыг давж туулж ирсэн түүхтэй нам.М.Энхболд дарга бид хоёрын хувьд хар багаасаа үерхэж нөхөрлөсөн хүмүүс. Нэг завинд хамт яваа гэдгээ бид дэндүү сайн мэднэ.
-Таныг МАН-аас гарч шинэ нам байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Би одоогоос 22 жилийн өмнө анд нөхдийнхөө өмнө нэг тангараг өргөсөн юм. Энийг манай намын нөхдүүд сайн мэднэ дээ. Тэр юу вэ гэвэл, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ хаяхгүй, анд нөхдөөсөө урвахгүй гэж...Энэ бол миний амьдралын зарчим. Тэр тусмаа Их жанжин Сүхбаатар, анхны долоогийн байгуулсан Ардын намаасаа урвана гэж үү...