Ерөнхий сайд КАРЕК-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцлоо

2015 оны 9 сарын 24

Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжлийг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК Азийн хөгжлийн банктай хамтарч Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр КАРЕК -ийн “Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 

Чуулганд 26 улсын 350 орчим төлөөлөгч оролцож "Зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх" талаар өөрсдийн туршлагаа хуваалцахаас гадна CAREC-ийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд өөрийн улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудаа танилцуулж, шинэ бизнес, шинэ хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцэж байна.

Тус чуулга уулзалтын үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг оролцож, КАРЕК -ийн гишүүн орнуудтай хамтран бизнес эрхлэх, олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзах боломжийг Монголын бизнес эрхлэгчид, компаниудад олгох ийм арга хэмжээ зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банк болон оролцсон бүхий л хүмүүст талархлаа илэрхийллээ.

Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК) бол энэ бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийг дэмжих, ялангуяа, ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөтөлбөр юм. Гишүүн орнуудын хувьд хөтөлбөрт хамрагдсанаар бусад орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулах нөхцөл боломж бүрдэж байна. Монгол Улс энэ хөтөлбөрийг эхнээс нь идэвхтэй дэмжиж оролцож ирсэн гэлээ.

Азийн хөгжлийн банк сүүлийн 25 жилийн хугацаанд манай улсын хөгжлийн гол түнш байж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллаж ирсэн. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, тус хөтөлбөрийн гишүүн орнууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжтой. Монгол Улс эдийн засгаа бэхжүүлэхийн төлөө үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Олон төсөл хөрөнгө оруулагчаа хүлээж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, хамтран ажиллах боломж, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар ажиллаж буй. Ийм боломж нөхцөлийг бүрдүүлэх нь манай улсын хөгжлийн гол тулгуур гэдгийг Ерөнхий сайд онцлоод хамтран ажиллахыг урьж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25433
0 эможи
keyboard_arrow_up