Сайд Н.Батцэрэг ЗГ хоорондын хуралдааныг тэргүүллээ
Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монголын талаас БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Унгарын талаас Гадаад хэрэг, худалдааны яамны аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Микола нар тус тус тэргүүлсэн юм.
Уулзалтын үеэр хоёр орны уламжлалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах талаар санал солилцлоо. Мөн Унгар улсын засгийн газраас олгох 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Сонгино дахь “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт иж бүрэн технологийн шинэчлэл хийх яриа, хэлэлцээг эрчимжүүлэхээр талууд тохиролцсон юм.
Хамтын ажиллагааны хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, боловсрол, соёл, хөдөө аж ахуй болон бусад салбарын харилцааг хөгжүүлэх талаар ярилцсан нь хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад томоохон түлхэц болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Монгол, Унгарын комиссын хуралдааны Унгарын талын хэсгийн дарга Иштван Микола нь БОНХАЖЯ, Гадаад хэргийн яам, Аж үйлдвэрийн яам, Сангийн яамны удирдлагуудтай тус тус уулзад байгаа юм байна.
Дараагийн удаа Монгол, Унгарын засгийн газар хоорондын зургаадугаар хуралдааныг Будапешт хотноо зохион байгуулахаар тогтлоо.