УИХ-ын дарга З.Энхболдын ОХУ-ын Свердловск мужид хийх албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй бөгөөд өнөөдөр тэрээр Свердловск мужид хүрэлцэн ирлээ. УИХ-ын дарга З.Энхболдыг Свердловск мужид хүрэлцэн ирэхэд, тус мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.В.Бабушкина, Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд А.О.Соболев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Екатеринбург дэх төлөөлөгч А.В.Харлов, Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Улсын Их Сургуулийн захирал В.А.Кокшаров, Екатеринбург дэх Монгол Улсын өргөмжит консул В.А.Воротников болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
Свердловск мужид хийх айлчлалын үеэр УИХ-ын даргад тус мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.В.Бабушкина, Свердловск мужийн амбан захирагч Е.В.Куйвашев, Свердловск мужийн Засгийн газрын дарга Д.В.Паслер, Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд А.О.Соболев нар бараалхана.
УИХ-ын дарга З.Энхболд Уралын турбины үйлдвэртэй танилцаж, Екатеринбургийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимд зочилно. Мөн тэрээр өөрийн төгссөн сургууль болох ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Улсын Их Сургуульд /Уралын Политехникийн дээд сургууль/ зочлох юм.
Свердловск мужийг 1934 онд Уралын Холбооны тойргийн бүрэлдэхүүн хэсэг болгон байгуулжээ. Мужийн засаг захиргааны төв нь Екатеринбург хот юм. Свердловск муж нь 73 засаг захиргааны нэгжид хуваагддаг бөгөөд мужийн нутаг дэвсгэрт нийт 47 хот, 26 тосгон, 1841 суурин газартай аж. 2014 оны эцсийн байдлаар Свердловск мужийн хүн амын тоо 4,33 саяд хүрчээ. Тус мужид нийт 20 гаруй их сургууль, 34 салбар сургууль үйл ажиллаагаа явуулдаг байна.
УИХ-ын даргын ОХУ-ын Свердловск мужид хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Б.Чойжилсүрэн, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, ХМОНХХ-ийн дарга О.Батханд нар орсон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.