Миний мэдэх Л.Гансүх
Хууль завхарч дуусчээ, Хууль шударга үнэний бэлэг тэмдэг болж чадахаа больжээ, Хууль хүн хүнээ мөлжих Тонуулын хэрэгсэл болжээ гэх алдарт үгийг Францын нэрт соён гэгээрүүлэгч Ф.Бастиат хууль зүйн шинжлэх ухаанд цочирол, эргэлт өгсөн алдарт бүтээл болох “Хууль” номондоо тэртээ 300 зууны өмнө бичжээ.
“Нүүрсний”гэх хэргээр шүүгдэж, 4.6 жилийн ял аваад буй Л.Гансүх даргын шүүх хуралдаан Монголын хуулийн системд дүн тавилаа. Хууль завхарч дуусчээ, Шударга шүүх зул биш ул болж, эрх зүйт төр эрх мэдэлтнүүдийн улайран шунах харгалдаан, уурлан бухимдах зөрчил дунд таягджээ. Эрх чөлөөг шударга ёсоор шүүж тэгш эрхээр хүн бүрийг хангах ёстой шүүх Үндсэн хуулиа уландаа гишигчиж, хааны хатавчиндахь зарлага, хазаарын цулбуур дахь боол болжээ.
Бие муутай айлын гэргий, турь муутай гурван охин, ар болсон ганц ахтай гурван эмэгтэй дүү давж заалдах засаггүй, даатгаж захих шударга ёсгүй ард үлдлээ.
Хэдэн өдөр телевизээр дамжсан олны шуугиан, хэдэн өдөр хэлмэгдүүлэлт ханхалсан шүүх танхим, хаанаас ч хайгаад олдох хохирогчгүй хэрэг, хэнээс ч асуусан олонд буянтай нүүрс хөтөлбөр. Өнгөцхөн харахад хэрэг нэртэй хэлмэгдүүлэлт, өнгийж харвал нэгнээ гэсгээсэн адилхан Монгол. Хоёр тэмбум Хятад чи би гэхгүй хөгжиж болдог,гуравхан сая Монгол хэн хэнээ хэмлэн зовоодог хар түүх. Эвээ алдаж бусдын идэш болсон 500 зуун жил, элгээ эмтэлж 35 мянган хүнээ буудуулсан хар жилүүд.Л.Гансүх гэж энэ хүнийг буруутгасан хэргээр бид Монгол төрийнхөө арчаагүйг харлаа, түүн шиг хичнээн олон хүн үгээ хэлж үйлээ учирлаагүй хоригдоо болдоо...
Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхад нь түүний удирдлага дор гурав орчим жил ажилласан билээ. Гурван жил гэдэг хэдий богиноч, хүн хүнээ танихад хүрэлцэхүйц урт хугацаа. Тиймээс энэ бэсрэг нийтлэлээр Л.Гансүх дарга хувь хүнийх нь хувьд хэрхэн үздэгээ хуваалцъя гэж саналаа. Энэ сэтгэгдлээ тавилаа гээд зарим нэгэн шүүмжлэх л байх. Тэглээ гээд хажууд нь байсан үнэнийг мэдэх хүмүүс олон нийтэд үгээ хэлэх хэрэгтэй байх.
Анх 2008 онд Л.Гансүх даргын яриаг Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд байхад нь сонсож байлаа. Хамтарсан засаг байгуулагдаж, МАН-с Байгаль орчны яамны дэд сайдаар томилогдсон Д.Идэвхтэн гуайн туслахаар ажиллаж байсан багын найз маань Л.Гансүх сайдыг үргэлж сайнаар ярьрдаг байлаа. Энэ үед байгаль орчны салбарын ТББ-ынхан болон салбарын яамны хооронд үүссэн олон жилийн хур зөрчилдөөнийг зөвөөр зохицуулсан байдаг. Зөвхөн ажил хэрэг гэлтгүй хувь хүнийх нь хувьд, жижүүр жолоочоос эхлээд бүх л албан хаагчидтайгаа нээлттэй харьцдаг баяр,гунигаас нь хуваалцдаг нээлттэй хүн болох Байгаль орчны яамныхан одоо ч ярьдаг.
2012 оны сонгуулиар Ардчилсан нам олонх болж Шинэчлэлийн засгийн газрыг байгуулахад Л.Гансүх дарга Ерөнхий сайдын ахлах зөвлөх болж, залуус бид түүний удирдлаганд баг болон ажилласан юм.
Хүнтэй хамтарч ажиллахад хамгийн эхний чухал зүйл бол ойлголцол. Яах нь мэдэгдэхгүй, учир нь олддоггүй, хаврын тэнгэр шиг,ямбалсан, зоолсон сайд дарга нартай зөндөө л таарч байлаа. Үнэндээ дарга нарын олон аашны цаанаас хийх ажлаа том цараанд харж чаддаггүй, албан тушаалдаа багадажяваагаа халхлах гэсэн сул дорой хүн үнэртдэг. Харин Л.Гансүх дарга ажлаа эхэлхээсээ өмнө том зургаар нь харжчаддаг хүн. Хаана байгаа, хаашаа явахаа мэдэж байгаа хүн бусадтай ойлголцоход хялбар байдаг билээ.
Тэрээр залуудаа ШУТИС-д багшилж байхдаа байнга нүд нь улайсан, хичээл заах гэж хамаг тамираа барж махарч зүтгэдэг багш байсан гэж Л.Гансүх даргын тухай олон оюутанууд нь дурсдаг юм билээ. Бидэнд ч тэр занг нь мэдрэх үе цөөнгүй тохиолдсон. Хамгийн тод санаж байгаагаас гэвэл, ШУА-ыг шинэчлэх ажлын хэсгийг байгуулж, ажилласан явдал. Тэрээр Монголд юу юуны түрүүнд реформ хийхшаарлагатай газар бол Шинжлэх ухааны академи гэж байнга хэлдэг байв. Ингээд бүтэн сар гаруй хугацаанд ШУА-ийн 7000 судлаач, үндэсний хэмжээний бүх хүрээлэнтэй нэг бүрчлэн уулзлаа. Нэгч өдөр амарсангүй нэг хором зогссонгүй. Хоёрдолоо хоног ажлын хэсэгтэйгээ нойргүй суулаа. Л.Гансүх даргаас яагаад ингээд зүтгээд байгааг нь асуухад, “Ах нь олон жил улс төрд явлаа. Тэр туршлага маань ингэж хэлээдбайна. Монголын ШУА муу биш харин ч чадамж өндөртэй. Ганцхан бид эдгээр 7000 судлаачдаа ашиглах аргаа олохгүй байна” гэж хэлж билээ. Түүний эхүүлсэн энэ ажил бүрэн хэрэгжсэнбол Монголын хамгийн том судалгааны байгуулагын хувьд маш том реформ болох байлаа.Харамсалтай нь Л.Гансүх зөвлөхийг анх хэрэгт шалгагдаж эхлэх тэр үеэс эхлэн эрчээ алдсан.
2013оны хавар төрийн бүх албан хаагч, 6000гаруй хүнийг цуглуулсан том арга хэмжээ болов. Мэдээж хэрэг Ерөнхий сайдын баг илтгэл тавьна. Тэр илтгэл дунд Шинэчлэлийн Засгийн газрын зарчим хэмээх илтгэлийг Ерөнхий сайдын зөвлөхүүдээс тавих байсан юм. Хүмүүс мундаг бэлдсэн байна гэж магтаад л байлаа. Харин тэр үед Л.Гансүх дарга, “Миний дүү нарэнэ удаа өнж. Хүний хэл ам, атаа чөтөө гэж их муухай юм байдаг юм гэж билээ. Ер нь Н.Алтанхуяг дарга, Л.Гансүх дарга хоёрыг залуучуудад элэгтэй, хамтарч ажиллах, анд нөхөд болох дуртай занг хамтран ажилласан олон шинэ боловсон хүчин хэлэх л байх.
Л.Гансүх дарга Төв аймгийн хорих газар таван сар хоригдоод батлан даалтаар гарч, сахарын өвчний улмаас хөлийнхөө хурууг тайруулаад байхад нь бид эмнэлэгт эргэж очлоо. Биднийг ороход мань эр инээд алдаад л хэвтэж байлаа. Угаас маш өндөр сэтгэл зүйтэй хүн шүү дээ. Л.Гансүх дарга тэр үед санамсаргүй нэгэн сэдэв хөндсөн нь гэр бүлийнхээ тухай байлаа. Тэрээр хэлэхдээ, “Надтай холбогдсон эрүүгийн хэрэг улс төрийн машин бохир эргэлтүүдийн нэг хэсэг. Нэгэнт намайг ингэж удаан хорьсон болохоор ял өгнө гэдэгт нэг их эргэлзэхгүйбайна. Би ч яахав эр хүн туг барьна тугал хариулна гээд тэсээд гарна,тэгэхгүй гээд ч яахав. Харин би чинь гэртээ ганцхан эрэгтэй. Гурван охинтой, гурван эмэгтэй дүүтэй .Тэгээд бөөн эмэгтэйчүүд дунд амьдардаг хүн...” гэж хэлээд инээж билээ.
Энэ тухай бичиж болох эсэхийг мэдэхгүй байна. Л.Гансүхдаргын эхнэр их хүнд өвчтэй гэж сонссон юм. Ажил таруутаа л гэрээ зорьно. Хүн л болсон хойно хааяа нэг халвал оройтно. Уугаад зовлон жаргал ээлжлэн ярьдаг хүн байдаг бол Л.Гансүх ах дандаа л ажил амжилтурсгана. Харин маргааш нь бүр л эрт гарна.
Би л хувьдаа Л.Гансүх даргыг мөнгө идэх хүн гэж огтоос боддоггүй. Л.Гансүх даргатай хамт ажилладаг залуус “дарга” гэж дуудах нь ховор. “Гансүх ахаа л”гээд гүйлдэж явдаг. Түүнийг хоригдоход бид тун их цочирдсон. Очиж очиж олны талархалыг хүлээсэн “Нүүрс хөтөлбөр”-өөс болж шүү! Аль аль талдаа үр ашигтай олон хүнд тус болсон ажилд хэрэг үүсгэсэнд надаар тогтохгүй олон хүн гайхсан нь мэдээж.
Шүүх ялаллаа. Нэмээд нийгэм яллана гэдэг хамгийн том ял. Гэтэл өнөөдөр баян хоосны ялгаа, орлогын тэгш бус хуваарилалт гээд Монголд бугшсан шударга бус тогтолцоо олон Монголчуудыг итгэх итгэл,үнэний шүүлтгүй болгосон. Дарга л хийж байсан хүн бүр буруутай, УИХ-д суусанхүн бүр гэмтэй. Гэтэл тэд ч ялгаагүй хүн. Тэдний дунд Монголоо гэх цөс нь буцалж, сэтгэл нь ассан хүн олон байлгүй яахав. Тэдний хамгийн түрүүний манлайяах ч аргагүй Л.Гансүх орох болно. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай ч энэ төрийн төлөө зүрхээрээ бамбар хийн бусдын өмнө алхаж, үндсээрээ хэрчигдсэн эх орончид үеийн үед байсаар ирсэн. Байх ч болно. Энэ үйл явдлаас болж ирээдүйн эх орончдын зүрхийг үхүүлж болохгүй ээ. Л.Гансүхийн хувьд тэдний л нэг гэж бодож байна. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялна аа. Түүний буруугүйг ойлгох саруул ухаант Монгол хүн олон байгаа.
Бид Монгол Хүний Саруул Ухаанд Итгэдэг.
Буянаагийн Ган-Очир
Одонгийн Цогтгэрэл