Эрчүүдийн бохир улс төрийн золиос нь эмэгтэй улстөрчид болох вий
Дөрвөн жилийн мөчлөгөөр явагддаг УИХ-ын сонгуулийн хар, цагаан пиар сонгууль болохын өмнөх нэг жилд эрчимждэг байлаа. Саяхныг хүртэл ийм л байсан. Харин сүүлийн жилүүдэд сонгуулийн сурталчилгаагаа явуулах хугацаа нь дөрвөн жилээр яригддаг болчихож. Улс төрд сонгогдсон даруйдаа л дараагийн сонгуулийн пиарын ажилдаа ордог болжээ, улстөрчид маань.
Зарим нь сандал ширээндээ зүгээр сууж чадахгүй босч зогсч үг хэлэх гэж дөрвөн жил өөрийгөө зовоолоо. Телевизийн камер харахаараа дуугаа өндөрсгөж, эвгүйхэн харсан хүн бүхнийг л огцруулах тухай ярьж пиараа хийдэг улстөрчид ч бий. Хэрэгтэй, хэрэггүй асуудлаар байнга хэвлэлийн хурал зарлан өөрийгөө пиарддаг улстөрч энэ танхимд олон байдаг. Дуулж бүжиглэх, ямаа самнах, цас арилгах, цэвэрлэгээ хийх гэх мэтээр тэдэнд хийхгүй зүйл гэж үгүй.
Ард түмний улстөрчдөд итгэх итгэл буурахын хэрээр энэ мэт элдэв шидийн үйлдлийг тэд цаашдаа олон ч удаа харуулах нь дамжиггүй. Байгаа байхгүй нь мэдэхгүй дөрвөн жилийг өнгөрүүлсэн гишүүд өнөө маргаашгүй л тойрог тойглох ажилдаа гарах бэлтгэлээ хангаж байгаа сурагтай.
Дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилгүй ч улсын төсвөөр баригдсан зам, барилга хэд байгааг нэгбүрчлэн тэмдэглэж авчихаад улайх ч үгүй би хийлгэлээ, та нарынхаа төлөө зүтгэж байж бүтээлээ хэмээн ярьж өгнө дөө, тэд. Юутай ч сонгууль эхэлчихжээ. Дуулж хуурдахаас залхсан улстөрчид маань одоо хар пиар хийж, өрсөлдөгчөө намнах ажиллагааг эхлүүлчихсэн явж байна.
Улстөрч болохын тулд мэдээж дардан замаар өгсдөггүй. Гэвч үнэхээр хийж чадаж байгаагаа, эсвэл хүчгүй нэгнийгээ харлуулах улс төрийн бохир тоглоомыг манайхан сүүлийн үед үнэхээр гарамгай хийдэг гэдгээ харуулах боллоо. Хэнийг хэн ч биш болгож чаддаг юм байна. Энэ дайралт эрэгтэй улстөрчид рүү гэхээс илүүтэй эмэгтэй улстөрчид рүү арай л хэтэрхий ирж байна. Тойрогт өрсөлдөх нь тодорхой байвал түүнийг ямар ч хамаагүй үнээр дарж авах гэсэн эрчүүдийн улс төрийн бохир тоглоомын золиос манай эмэгтэй улстөрчид болж байгаа нь харамсалтай. Хамгийн ойрын жишээ гэвэл УИХ-ын гишүүн М.Батчимэг. Тэр бусад шиг дуулж бүжиглэж, цас арилгаж хөгийн пиар хийж гүйгээгүй. Улстөрч эмэгтэйчүүд дотроос хамгийн боловсролтой, асуудлаа ойлгодог, ажлаа мэддэг эмэгтэй улстөрчдийн нэг. Гэвч эрхэм гишүүнийг сүүлийн үед гадны тагнуулч дэргэдээ байлгасан, өөрөө эх орноосоо урвасан гэх мэтээр нухчин дарах гэсэн сөрөг дайралтууд гарч эхэллээ.
Яг л Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж зэрэг хүчтэй улстөрчдийг Хятадын тагнуулаар дуудаж дарж авахыг оролдож байсан тэр арга барил ажиглагдаж байна. Хэвлэлээр ч энэ мэт зохион байгуулалттай дайралтууд ирсэн талаар эрхэм гишүүн өөрөө ярьсан байна. Зөвлөх бүсгүйн хувиараа эрхэлж байсан ажилтай нь холбогдуулан шалгаж байгааг М.Батчимэгт нялзааж, бүр тагнуулч байжээ хэмээн тагнуулын нууцад байсан мэдээллийг ил болгох хүсэл сонирхол хэнд байв гэдэг нь ч тодорхой байгаа юм.
Үндсэн хуулийн суурь өөрчлөлт, засаглалын хямрал гэх мэт бодлогын асуудал ярьж байсан эрхэм гишүүний үзэл бодол хэнд таалагдаагүй вэ. Зөвлөхийн асуудал бол тусдаа шийдэгдэх асуудал. Хэрвээ М.Батчимэг гишүүн үнэхээр нууцын зэрэглэлтэй асуудлаа дэлгэсэн бол үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд ажлаа өгчих ёсзүйтэй эмэгтэй гэж ард түмэн үнэлдэг. Тэгвэл энэ бүх дайралт түүнийг Орхон аймагт нэр дэвших болсонтой нь холбоотой гэсэн яриа Төрийн ордонд гарч эхэлжээ.
М.Батчимэг гишүүн анхнаасаа Орхон аймгийн АН-ын даргаар очиж, энд нэр дэвшинэ гэдгээ ил тод мэдэгдчихсэн. Харин энэ нь түүний алдаа байсан бололтой. Хүчтэй эрчүүдийн бохир улс төрийн тоглоомд тэр тойргоо эрт зарласнаараа өртчихсөн нь тэр. Юутай ч түүнийг чиглэсэн сөрөг пиар дуусах болоогүй гэдэг нь илт. Цаашдаа ч олон гарна. Дараагийн жишээ нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа. Мөн л тойргоо эрт зарлачихсан. Түүний тойрогт ямархуу хүчтэй аавын хүүхдүүд байдгийг уншигч та надаар хэлүүлэх юун. Мөнгөлөг, өнгөлөг эрхмүүд л газрын тосны өлгий нутагт өрсөлддөг. Тэдний дунд мэдлэг, мэргэжлийн гэхээс илүүтэй мөнгөний дайн өрнөдөг гэдгийг нуух юун.
Харин Р.Бурмаа Дорнод аймагт нэр дэвших нь тодорхой болсноос хойш түүнийг чиглэсэн сөрөг дайралтууд ар араасаа гарч эхлэв. Дорнодын Халх голын асуудал үүний хамгийн том жишээ. УИХ-аар баталж гаргасан тогтоолд Дорнодын Халх голд чөлөөт бүс байгуулах тухай тусгасан. Гадны компанид газар өгөөд, тэр нь монгол иргэдийг мөнгөтэй, төгрөгтэй оруулах талаар нэг ч үг тусгаагүй. Ийм хуулийн заалт одоогоор Монголд алга. Гэтэл нэг л өдөр Дорнодын иргэд гарч ирээд Халх голоо аврах талаар яриад явчихсан. Энэ хэний захиалга байсан бэ гэдгийг ч нутгийн иргэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа юм билээ. Халх голоо аврах хөдөлгөөн гэгчийг хүртэл байгуулсан. Энэ бүхний захиалагч мэдээж өнөөх л Дорнодоос мөнх нэр дэвших гэсэн эрчүүдийн дуусашгүй шуналтай холбоотой.
Харин Р.Бурмаа гишүүнд энэ бүхнийг няцаах мөнгө байхгүй, бас эрх мэдэл, танил талгүй. Гэвч эрчүүдийн энэ тоглоомыг давж гарах эр зориг байгаа гэж найдъя. Аль ч улс оронд сонгуулийн пиар эрчүүдийн дунд гэхээс илүүтэй эмэгтэйчүүд рүү илүүтэй чиглэдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Манайд ч энэ байдал газар авсныг дээрх хоёр жишээ нотолж байна. Нийгэмд эмэгтэй улстөрчдийн нэр хүндийг муухай харагдуулах зохион байгуулалттай үйл ажиллагаа аль дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн. З.Баянсэлэнгийг балай авгай, Н.Энхбаярын оймсны цоорхойд нуугдаж орж ирсэн гэх мэтээр баахан доромжилсон. Удалгүй Г.Уянга бол зүгээр л популист гэх мэтээр дайрч байлаа. Гэвч тэд Г.Уянгыг унагаж чадаагүй. Л.Эрдэнэчимэг бол улаан шоучин, тэнэг хүүхэн, бенз Чимгээ гэх мэтээр байх байхгүй үгээр чичилсэн, доромжилсон. Д.Арвин, Д.Сарангэрэл нарын нэр хүндтэй бол бүр яриад ч хэрэггүй болтол нухчин дарж байлаа.
Тэднээс гайгүй тэсч үлдсэн нь Р.Бурмаа, М.Батчимэг, Д.Оюунхорол, Ц.Оюунгэрэл нар. Тэдгээрээс тойргоо зарласнаараа Р.Бурмаа, М.Батчимэг нар эхний золиос боллоо. Монгол Улсад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, жендэрийн талаар олон жил ярилаа. Эмэгтэй улстөрчдийг төр засгийн шийдвэр гаргах төвшинд оруулах тухай ярьдаг. Бодлогын төвшинд хийх тухай амлалтыг улс төрийн намууд байнга л өгдөг.
Гэвч үр дүн санасан хэмжээнд гарсан удаагүй. Эмэгтэйчүүдэд итгэл байхаас мөнгө байхгүй. Мэдлэгтэй ч мөнгөгүйгээс тэд УИХ-д гарч чаддаггүй. Юутай ч ард түмний итгэлээр 11 эмэгтэй улстөрч өнгөрсөн сонгуулиар УИХ-д суусан. Харин энэ тоог багасгах гэсэн эрчүүдийн хар пиар, өнгөн дээрээ эмэгтэйчүүдийг үнэлдэг мэт харагдавч цаагуураа улс төрөөс зайлуулах гэсэн, үл тоосон энэ мэт бохир улс төрийн тоглоом бүр улаан цагаандаа гарлаа. Цаашид ямар хэр олон эмэгтэй улстөрчдийг оролдохыг хэлж мэдэхгүй ч энэ бүхэнд эмэгтэйчүүд маань нэгдмэл байж л давж гарах учиртай. Эрчүүдийн тоглоом дөнгөж эхэлж байна. Энэ бол зөвхөн эхлэл гэдгийг мартуузай.