Л.Гансүхийг хэрэгтэн болгосон саарал чулуу
Л.Гансүх улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр шүүгдэж байгаа. АТГ-ын 12 байцаагч жил гаруйн хугацаанд ажиллаж “Л.Гансүх Монгол Улсаас 3.6 тэрбум төгрөгийг “идчихсэн” байна гэж буруутгаж байгаа. Өчигдөр Л.Гансүх нарыг шүүх хурлын үеэр 3.6 тэрбум төгрөгийн хохиролыг улсад яаж учруулсан бэ гэдэг нь тодорхой болов. Багануурын уурхайгаас хэн ч “Бид хохирчихлоо” гэж АТГ-т гомдол гаргаагүй аж. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжээд хоёр жил өнгөрчихсөн байхад АТГ-ын мөрдөн байцаагч нар “Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөртэй холбоотойгоор шалгахаар ирлээ” гэсээр Багануурын уурхай дээр хүрээд ирсэн гэнэ. Тэд “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой бүх тайлан тооцоог хянаж шалгаж үзжээ. Үүнийхээ дараа “Танайх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед 3.6 тэрбум төгрөгний хохиролтой ажилласан байна. Та нар гэмт хэргийн хохирогч болчихсон байна” гэсэн аж. Харин Багануурын уурхайн дарга нар “Бид ерөөсөө хохиролтой ажиллаагүй. Харин ч Багануурын уурхайд Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр түүхэндээ анх удаа ашигтай ажилласан. Бүр ажилчиддаа таван сарын цалингаар анх удаа шагнасан шүү дээ” гэх тайлбарыг өгч байжээ. Ингэж түүхэндээ анх удаа ашигтай ажиллаж үзсэн Багануурын уурхай хохирогч болон хувирчээ. Өөрсдөө тонн нүүрсээ 27500 төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан тал нь хохирогч болж, уурхайн эздийнх нь хэлсэн үнээр нүүрс худалдаж авсан тал гэмт хэрэгтэн болсон хачирхалтай хэргийн түүх ингэж эхэлж байсныг шүүх хурлын үеэр мэдэж авсан юм.
3.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААНААС ГАРААД ИРЭВ
АТГ-ын 12 байцаагч ажилласан “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хавтаст хэрэгт “Л.Гансүх хэн нэгэнд мөнгө өгсөн. Хэн нэгнээс мөнгө авч байсан” баримт огт байхгүй аж. Энэ талаар мөрдөх ажил хийгдсэн боловч АТГ-ынханд Л.Гансүх хэн нэгнээс ямар нэгэн байдлаар мөнгө авсан болон өгсөн баримтыг олж чадаагүй юм байна. Харин АТГ байцаагч нар Засгийн газартай хамтран “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Багануурын уурхай тонн нүүрсийг 27500 төгрөгөөр зарах гэрээ хийсэн байна. Та нар тонн нүүрсийг 27500 төгрөгөөр биш 39.000 төгрөгөөр худалдаалах байсан. Ингээд дээрх хоёр тооны зөргүүгээс хоёр тэрбум гаруй төгрөгний хохирол гаргаад иржээ. Үлдсэн 1.6 тэрбум төгрөгийг ингэж гаргаж ирсэн байна. Багануурын уурхайгаас Улаанбаатар хот руу вагонд ачсан нийт нүүрсний тонныг Улаанбаатар хотод борлуулсан нүүрний тоннтой харьцуулаад дундаас нь 1.6 тэрбум төгрөгний нүүрс алга болчихсон байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэтэл Багануурын уурхайгаас вагонд ачсан нүүрсээ ачдаг. Ачсан нүүрсээ Улаанбаатар хотын Толгойт, Амгалан өртөөнд буулгах ажил хийгддэг байна. Буулгасан нүүрсээ дахин шигшээд шуудайнд хийж, 40 килограм болгож жинлээд амыг нь оёж Улаанбаатар хотын таван дүүрэгт байрлах 163 цэгт хүргэх зэрэг бүх зардлыг гарган иргэдэд 80.000 төгрөгөөр худалдаалсан байна. Уурхайгаас ирсэн нүүрс нунтаг ихтэй, саарал чулуутай байсан гэнэ. Ард иргэдэд нунтаг хог байхгүй, чулуугүй нүүрс өгөхийн тулд дахин шигшдэг байсан гэнэ. Газрын хөрснөөс нойтон гарч ирсэн нүүрс хатаж ууршаад анх жигнэсэн жингээсээ дутах асуудал гардаг байсан аж. Өвлийн улиралд вагоны төмөр хана нойтон нүүрс тээвэрлэж байгаагаас болоод битүү цана болж мөстэй болчихдог байна. Үүнээс болоод анх Багануураас 65 тонн нүүрс ачлаа гэж тухайн үед жинлэсэн байхад буулгахад 63 тонн байдаг ч юм уу, тийм стандарт алдагдал байдаг аж. Уурхайгаас ирэх замд нь хулгайлдаг хүмүүс ч олон байжээ. Багануурын уурхайгаас Толгойт, Амгалангын өртөөн дээр буулгасан нүүрсийг дахин шигжиж нунтаг хог гарсныг гэрээний дагуу Багануурын уурхайн охин компани "Багануур илч" ХХК цааш нь авч зарж ашиг олдог байжээ. Гэтэл АТГ болон Үндэсний ауидитын газрын байцаагч, дээрх хэрэг дээр хохирол гаргаж ирсэн Ичинхорлоо нар энэ бүгдийг огт тооцоололгүй 3.6 тэрбум төгрөгийг Л.Гансүх хувьдаа завшаад улсад хохирол учруулчихлаа гэсэн дүгнэлтийг гаргажээ. Нүүрс хогтой байсан, саарал чулуу ихээр гарч ирсэн, уурхайн ажилчид вагонд анх ачихдаа тонн дутуу ачсан, төмөр замынхан вагоныхоо төмөр чингэлэгний цана, мөсийг цэвэрлэж байгаагүй, нойтон нүүрс гарч ирээд хатаж жин нь бага болсон нь Л.Гансүх л буруутай. Ийнхүү нүүрсний уурхайгаас гардаг саарал чулуунууд Л.Гансүхийг хэрэгтэн болгочихжээ.
НАЛАЙХЫН НҮҮРС “ЦАЙЗ” ЗАХ ДЭЭР 40 МЯНГАН ТӨГРӨГ БАЙСАН БУЮУ
ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ
АТГ нүүрс зардаг ченжүүд, Налайх дүүргийн ИТХ-ын дарга нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн 2012 онд Засгийн газраас үнийг нь баталсан Багануурын нүүрс 80 мянган төгрөг байсан бол Налайхын гялгар хар нүүрс 40 мянган төгрөгөөр “Цайз” зах дээр зарагдаж байсан гэх мэдүүлгийг авсан байна. Тэр үед портер нүүрс 280 мянгад хүрсэн билээ.
БАГАНУУРЫН УУРХАЙН ТАВАН ГИШҮҮН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг Багануурын уурхай дээр очоод "Танайд ашигтай хамгийн бага үнэ хэд вэ" гэхэд уурхайнхан 27500 гэсэн тооцоо гаргасан гэжээ. Уурхайн дарга Отгонбаяр нар “Багануурын уурхай иргэдэд нүүрсээ тонн тутмыг нь 25000 төгрөгөөр борлуулдаг. Тиймээс үүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвараа нэмэхээр 27500 болж байгаа юм. Энэ тооцоогоор манайд маш их ашигтай байгаа” гэжээ. Ингээд “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 27500 төгрөгөөр нүүрс худалдаалах гэрээнд Багануурын уурхайн таван томоохон албан тушаалтан гарын үсгээ зурсан байдаг юм байна. Тэдгээр гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр хариуцлага үүрэхгүй, бид хохирсон гээд явж байгаа нь хачирхалтай. Зарсан хүн буруутай юу, худалдаж авсан иргэн буруутай юу гэдэг нь эргэлзээтэй болжээ.
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсаас нэг ч төгрөг гаргаагүй гэдгийг шүүх хурлын үеэр шүүгдэгч Л.Гансүх хэлж байв. Мөн 700 гаруй ажлын байр шинээр бий болгон гэр хорооллын иргэд тухайн жилд 50 гаруй тэрбум төгрөг хэмнэж байжээ. Түүнчлэн хохирсон гээд байгаа Багануурын уурхайд маш их хэмжээний ашиг авчирсан нь шүүх хурлын үеэр хоёр талын хүмүүсийн өгсөн мэдүүлгээс мэдэгдэв. Гэвч АТГ-ынхан, шүүхийнхэн хэн нэг буруутныг хайсан хэвээрээ байна. Нүүрс худалдаж авсан иргэн, тэдэнд зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр нүүрс борлуулсан хүн хоёроос буруу эрж бий болгосон энэ хэргийн үнэн мөн удахгүй тодорхой болно. Гол нь ийм аргаар нэр бүхий хүмүүсийг гэмт этгээд мэтээр нийгэмд ойлгуулсан хүмүүс ямар хариуцлага хүлээх бол...