ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга хүрэлцэн ирлээ
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцохоор ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцохоор өнөөдөр /2015.09.16/ Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкиныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүс нутаг болон олон улсын төвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор 09 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд болно.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчмууд дээр тулгуурлан байгуулагдсан. Тус байгууллагын гишүүн орнуудын парламентын оролцоог дэмжих зорилгоор 1990 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ассамблейг байгуулж, анхны албан ёсны чуулганаа 1992 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулжээ. Тус арга хэмжээг жил болгон гишүүн орнуудад ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 57 оролцогч улсын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм юм. Монгол Улс 2012 оны 11 дүгээр сарын 21-нээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.